Монголчууд Турк сургуулиас хүүхдүүдээ татаж эхэлсэн үү?

Монголд сургалтын хөтөлбөр сайтай сургуулиудын жагсаалтын дээгүүрт яах аргагүй Монгол Туркийн хамтарсан сургуулиуд багтдаг. Гэвч Өнгөрсөн сарын 27-ны өдөр Турк сургуулийн захирлыг хулгайлсан асуудал гарч түүнийг тойрсон асуудлууд ар араасаа хөвөрч байна. Монгол дахь Турк сургуулийн захирлыг тойрсон асуудал тус сургуулийн багш, ажилчин, сурагчид болон тэдний эцэг эхчүүдийн айдас болгоомжийг төрүүлээд эхэлсэн.
Тухайлбал, Өчигдөрхөн гэхэд Туркийн элчин сайд М.Ахмед Язал хийсэн мэдэгдэлдээ “Турк захирал Вэйсел Акчай Туркийн террорист бүлэглэл болох “ФЕТО”-гийн төлөөлөгч бөгөөд Турк улсад эрэн сурвалжлагдаж байгаа. “ФЕТО” бүлэглэл нь боловсрол, хүмүүнлэг гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж сургуулиар дамжуулан шинэ гишүүн элсүүлдэг. Монголчуудын сургалтын төлбөр гээд өгч байгаа мөнгөөр террорист ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна. Сургуулийг нэг бол Монгол Улс өөрийн харьяа сургууль болгох эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ асуудал дээр Монголын тал шийдвэрээ гаргах ёстой. Тухайн сургуулийн сургалтын төлбөр л гэхэд 35-40 сая ам.доллар эргэлддэг. Энэ мөнгө ФЕТО бүлэглэлийг санхүүжүүлэх хэрэгсэл болж байж магадгүй гэж хардаж байна” хэмээн ярьсан юм.
Уг үйл явдал гарсантай холбоотойгоор Турк сургуулийн сурагчдын эцэг эхчүүд хүүхдээ тус сургуулиас “татан авч байна” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд явж эхэлснийг эх сурвалжууд хэлж байлаа. Турк сургуулиуд сургалтын чанар сайтай, бас манай улсын боловсролын салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулаад удаж байгаа тул иргэдийн дунд байгаа энэхүү эргэлзээ, болгоомжийг лавшруулахгүйгээр тайлбар хийх нь зөв боловуу. Хэдийгээр тус сургуулийн захирлыг хулгайлсан асуудалд нууцын зэрэглэлтэй зүйл байгаа гэж мэдэгдэж байгаа ч, сургуулийн цаашдын хувь заяны асуудалд манай Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын яамны нөхдүүд анхаарлаа хандуулах нь зүйтэй боловуу.
Туркийн элчин сайд тус сургуулийг төгссөн сурагчид Туркийн их дээд сургуульд суралцах боломжгүй. Хэрэв суралцах хүсэлт гаргасан тохиолдолд Турк улсын элчин сайдын яамнаас эрхийг нь сэргээж өгөх тал дээр ажиллах болно хэмээсэн нь энэ сургуулийг төгсөгчдийн ирээдүйд эргэлзээ төрүүлж эхэллээ.
Вэйсел Акчайг тойрсон асуудлаар ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж өчигдөрхөн тайлбар өгөхдөө “Тухайн улс өөрийн иргэнээ юу гэж үзэх, ямар дүгнэлт хийх нь тэдний асуудал. Монголын нутаг дэвсгэрт болсон үйл явдлыг цагдаа шалгаж , прокурорт хянаж байгаа. Цаашаа хэрхэн үргэлжлэх нь цэвэр Монголын дотоод асуудал” гэсэн юм.
Бас өглөө сэрээд хүүхдүүд сургууль дээрээ очиход сургуулийнх нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаасай гэж хүсэж байна хэмээн хэлсэн Туркийн элчин сайдын үг анхаарал татаж байна.
Т.Намуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ