Тариалангийн ургалт хэвийн явагдаж байна

Ц.БОЛОРЧУЛУУН: ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ БОРОО ОРСНЫ УЛМААС ЯМАР НЭГЭН АСУУДАЛ ГАРААГҮЙ -

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх юм.

Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаан буудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн байна.

ХХААХҮЯ-ын Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэлэхдээ “Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны зургадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс улаан буудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал  36.6  мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан юм.

Наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Баланс гарснаар хэдий хэмжээний ургац авах, га-гаас хэдэн центнер авах нь тодорхой болно. Тариалангийн бүс нутагт бороо орсны улмаас ямар нэгэн асуудал гараагүй байна. Тэгэхээр ургацад ямар нэгэн сөрөг нөлөө учраагүй гэсэн үг. Тариалангийн ургалт хэвийн явагдаж байна. Наймдугаар сарын 15-наас хойш их хэмжээний бороо орвол ургацын болц болон хураалтад сөргөөр нөлөөлж магадгүй. Үүнийг гүйцэтгэх ажлынхаа хүрээнд эртнээс зохицуулаад явна” гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган, аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ жилийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн зайлшгүй бэлтгэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц болгож, 25915 тонн өвс, 14735 тонн тэжээл бэлтгэх юм.  Өөрөөр хэлбэл, аймаг тус бүрд 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар ногдоод байгаа. 2017 онд улсын хэмжээнд 935 мянган тонн хадлан бэлтгэсэн байна. Харин энэ жил хадлангийн талбайгаас улсын хэмжээнд 1 сая тн-оос дээш хадлан авахаар төлөвлөөд байгаа юм.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД 64 МЯНГАН ТЭЖЭЭЛ ХУРААЖ АВНА-

Долдугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамл нийт нутгийн 60 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн. 30 гаруй хувьд буюу Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн ихэнх, Увс Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдад дунд. 10 гаруй хувьд буюу Баянхонгорын ихэнх, Дундговийн зарим, Ховд, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар тааруухан үнэлгээтэй гарсан байна.

Наймдугаар сарын 1-ний байдлаар зуншлага хэвийн явагдаж зарим аймгийн иргэд хадландаа гарч эхэлсэн. Харин зуншлага тааруухан байгаа аймгууд хадлан хадах хугацаагаа наймдугаар сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулахаар болсон байна.

Манай улсад нийт 68 тэжээлийн үйлдвэр байгаагаас цагт 2 тн-оос дээш үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэр 12 /гурилын үйлдвэр ороод/, үлдсэн нь жижиг оврын тэжээлийн цехүүд байдаг байна. Өнгөрсөн онд 26 мянган га-д тэжээлийн ургамал тариалж 40 гаруй мянган тн-г хураан авсан байна. Харин энэ жил улсын хэмжээнд 36,6 мянган тн тэжээлийн ургамал тариалсан юм. Үүнээсээ 64 мянган тн-ыг хурааж авахаар төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ