Энэ хичээлийн жилд хууль сахиулахын Их сургуулийн харьяа ЕБС ашиглалтад орно

Хууль сахиулахын их сургуулийн харьяанд шинээр Ерөнхий боловсролын ахлах сургуульбайгуулагдаж байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд хамгийн анхны шинэ элсэлтээ авах гэнэ.

Тус сургууль нь эх хэл, үндэсний өв, ёс заншил, уламжлал соёлоо эрхэмлэдэг, хууль эрх зүйн мэдлэгтэй, сурах арга барилтай, хамтран ажиллах чадвартай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилготой аж.

Мөн суралцагчид ахлах ангийн заавал болон сонгон суралцах хичээлүүдээс гадна “Төр эрх зүйн үндэс”, “Монгол бахархал”, “Сэтгэлгээний соёл”, “Англи хэл”, “Орос хэл” зэрэг хичээлийг заана юм байна.

Хууль сахиулахын их сургуулийн онцлогийг харуулж, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангахад чиглэсэн “Цэрэгжлийн биеийн тамир”, “Цэргийн хэргийн үндэс”, “Бие хамгаалах бэлтгэл”, “Гамшгаас хамгаалах бэлтгэл”-ийн хичээлүүдийг сурагчдад орох юм.

Сурагчид чөлөөт цагаараа спортын болон олон улсын хэмжээний мастер, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлийн багш нарын удирдлага дор таеквонда, кудо, холимог тулаан болон бие хамгаалах урлаг, самбо, жудо, чөлөөт бөхийн төрлөөр үнэ төлбөргүй хичээлэх боломжтой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ