БНХАУ-д суралцах болзол хангасан 39 сурагч, тэтгэлгээ гардан авлаа

Манай Улсын Засгийн Газар БНХАУ-ын Засгийн Газартай боловсролын салбарт хамтран ажилладаг билээ.
Уг ажлынхаа хүрээнд БНХАУ-ын Засгийн Газар өөрийн оронд 100 хувийн тэтгэлгээр суралцах хөтөлбөрийг Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зарласан юм. Энэ ажлын хүрээнд сурагчдаас англи, хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалт авчээ. Шалгалтад нийт 800 гаруй сурагч оролцсоноос 180 хүүхэд тэнцэж, үүнээс 39 сурагч тэтгэлэгт хамрагдах болзол хангасан байна.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д 100 хувийн тэтгэлэгт хамрагдах болзол хангасан сурагчдад суралцах эрхийн бичгийг өнөөдөр гардуулж өглөө. Тэрбээр "БНХАУ-ын эдийн засаг, техникийн салбар их амжилттай өсөж, хөгжиж байна. Энэ хөгжил нь боловсролд тулгуурлаж мэдлэгт суурилж хөгжиж байгаа. Техник, эдийн засгийн хөгжлийг бид мэдэхийн тулд оюутнуудаа тийшээ явуулж сургаж авах хэрэгтэй. Ингэснээр буцаад энэ мэдлэгээ оюутнууд маань Монголд хэрэгжүүлэх, энэ нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжих боломж нээгдэнэ" хэмээн ярилаа.
БНХАУ-ын 200 гаруй сургууль, АНУ, Австрали болон Европын зарим орнуудын 20 гаруй сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус орнуудын оюутан, сурагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг аж. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийг цаашид манай улсад хэрэгжүүлэх зорилгоор энэ оны тавдугаар сард албан ёсны төлөөлөгчийн газар болох "I study" боловсролын төвийг нээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ