Ирэх хичээлийн жилд 70 гаруй мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцана

Сургууль, цэцэрлэгүүдийн өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнтэй танилцах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд найман ажлын хэсэг өчигдрөөс эхлэн дүүргүүдийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа аж.

Салбарын сайдаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Эмээлт, 61-ийн гарам болон Жаргалант тосгон зэрэг алслагдсан хороо, тосгоны сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлуудтай танилцсан бол өнөөдөр үдээс өмнө тус дүүргийн 210, 228 дугаар цэцэрлэг, 12, 62 дугаар сургуулиуд дээр ажилласан байна.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт 47 цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цэцэрлэгүүдийн эрхлэгч нар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа талаараа танилцуулсан байна. Түүнчлэн цэцэрлэгүүд үндсэн сургалтаас гадна “Гэр бүлэг” байгуулан ажиллаж байгаагаа хэлжээ.

Энэ үеэр зарим боловсролын байгууллагад хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын чанар дутагдалтай, стандарт хангаагүй байгаатай холбогдуулан тухайн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт зөрчлийг арилгах чиглэл өгөв. Тухайлбал, 2017 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэгийн барилгын дээврээс ус гоожиж байгаа нь барилгын чанар хангалтгүй, холбогдох стандартыг мөрдөөгүйтэй холбоотой аж. Энэ жил ашиглалтад орж буй 228 дугаар цэцэрлэгийн хувьд мөн л борооны ус зайлуулах суваггүй, хүүхдийн гар угаах угаалтуур сургалтын орчны стандарт хангахааргүй хэт жижиг байгаа зэрэг дутагдал илэрчээ.

Дашрамд мэдээлэхэд өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 81.5 хувьтай байсан бол энэ жил 82 хувьд хүргэхээр зорьж байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Түүнчлэн 2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах юм байна.

tsogzolmaa

tsogzolmaa

СЭТГЭГДЭЛ БИЧИХ