Тавантолгой-Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарт туслах цуваа хөдлөв

Үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой”ХК-иас Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэх тусламжийн цуваа хөдөлжээ.
Долдугаар сарын эхнээс үргэлжилсэн 18 өдрийн борооны улмаас дээрх чиглэлийн замд 60 гаруй удаагийн давтамжтайгаар үер бууж, 39 хэсэгт замын хөвөө эвдэрч, гурван хэсэг газарт замын асфальт цөмөрч, их хэмжээний хохирол үүсээд буй юм. Үүний улмаас Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээврийн замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаанд хаагдаад байгаа билээ.
Үерийн улмаас гурван уурхайн ачилт бүрэн зогсож, 130 гаруй аж ахуйн нэгжийн 10 мянга орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.
“Эрдэнэс-Тавантолгой”ХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсонтой холбогдуулан хөдөлгөөн зохицуулалт хийж, ажиллаж байгаа албан байгууллагууд, жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэхээр Цагаан Хад чиглэлд тусламжийн цуваа хөдөлгөөд байна. Гэрээт компаниуд, гэрээт цагдаагийн тасаг, зам засвар, арчлалтын ААН болон замын зогсоолд олон хоног саатсан жолооч нарт энэ тусламж хүргэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ