Б.Баттүшиг ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр сонгогджээ

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссууд байгуулсан. Тус хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулдаг байна.

“Маркетингийн комисс”-ийн гишүүнээр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогджээ. Тус комиссод Японы үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, дарга Такеда Цүнекүза, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажилладаг аж.

Түүнчлэн ОУОХ-ны "Спорт ба Эмэгтэйчүүд" комиссод Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онуудад “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны Зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад, Б.Баттүшиг нь Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлууд хийж байсан юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ