Галт тэргэнд явсан зорчигчдоос нэг хүн амьсгалын дутагдалтай биеийн байдал хүнд, 6 том хүн, 3 хүүхэд бэртсэн байна

Өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарчээ. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. 

“УБТЗ” ХНН-ээс өгсөн мэдээллээр уг галт тэргэнд 328 зорчигч сууж явжээ. Зорчигчдын биеийн байдлын талаар ЭМЯ-наас тодрууллаа. 

"Цомог -Айраг өртөөний орчимд болсон ослын газар дээр ЭМЯ-наас ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Дорноговь аймгийн эмч, төмөр замын бага эмч, жолооч нар ажиллаж байна.

Нэг хүн амьсгалын дутагдалтай биеийн байдал хүнд, зөөлөн эдийн болон хөнгөн гэмтэлтэй 6 том хүн, 3 хүүхэд байна. Эдгээр хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Гал тэргэнд 300 гаруй хүн зорчиж явсан. Бусад хүмүүсийн биеийн байдал гайгүй байна. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн эмнэлгийн тусламж, техник арга зүй, мэдээллээр ханган ажиллаж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ