Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа

Өнөөдөр Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифын асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд хот хоорондын нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж, 1000 гаруй тээврийн хэрэгслээр үйлчилдэг бөгөөд үүнээс 800 орчим нь 45 хүний суудалтай том оврын автобус байдаг аж. Жилдээ 2,3 сая, сардаа 180-210 мянга, өдөрт 6-7 мянган хүн тээвэрлэдэг. Иймд хувийн компаниуд 10 жилийн хугацаанд хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмээгүйтэй холбогдуулан алдагдал хүлээж байгаа тухайгаа мэдэгдлээ. 

Энэ талаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ “Бид долоо хоногийн өмнө ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран нартай уулзаж, гурвалсан уулзалтаар үнэ тарифын асуудлыг зохицуулъя гэж шаардах бичиг өгсөн. Харамсалтай нь сайд ажлаасаа чөлөөлөгдсөнөөр шаардах бичиг хэрэгжих боломжгүй болж байна. Зорчигч тээврийн ААН-үүд 2008 оныг хүртэл тогтсон үнэгүй байсан бол 2008 онд салбарын яамнаас жишиг тариф нэг хүн км-ыг 50 төгрөг гэж тогтоосон. Гэхдээ энэ үнийг мөрдөөгүй, өдийг болтол нэг хүн км нь 31-44 төгрөгөөр явж ирлээ.

Учир нь хүн ардын амьдрал ахуйг бодолцсон, хоёрдугаарт үүнийг дагасан хууль бус хулгайн тээвэр явдаг учраас 50 төгрөгийг мөрдөөгүй юм. Хулгайн тээвэрчид улсад татвар төлдөггүй, тарифаас доогуур үнээр зөвшөөрөлгүй тээвэрлэдэг. Тухайн үед буюу 2008 онд нэг хүн км-ийн үнийг 50 төгрөгөөр тогтооход нэг литр бензин 900 төгрөг, дизель түлш 980 төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар бензин, дизель түлшний үнэ 3,5 дахин буюу бензин 1900-2100 төгрөг, дизель түлш 2080-2300 төгрөг болж өсөөд байна. Зөвхөн 2018 онд гэхэд гурван удаа нэмэгдээд байна.

Мэргэжилтнүүдийн тооцсоноор бидний бүх зардал, ажилчдын цалин, сэргээн босголт зэргийг бодвол нэг хүн км-т 73-81 төгрөг, хажуугаар нь өөр үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд нэг хүн км-т 61-66 төгрөгөөр  явбал ашиг гарах тооцоо гарч байна. Гэхдээ бид ашиг, орлоготой байх хэмжээнд үнэ нэмэхийг шаардаагүй. Зөвхөн зардлаа нөхөх хэмжээнд нэмэхийг хүсэж байна. Зарим ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоох болсон тухайгаа мэдэгдсэн. Бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ, долларын ханш нэмэгдсэн ч бид 31-44 төгрөгт 10 жил үнээ барьсан. Тиймээс сайдын тушаалын дагуу 50 гаруй төгрөгөөр үнийг зохицуулж өгөөч гэж хүсэж байна" гэв.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагч З.Энхбат хэлэхдээ “Бид өөрсдийн ашгийн тухай яриагүй байна. Зөвхөн зардлаа нөхөхийн тулд Сайдын баталсан жишгийн дагуу нэмэн зохицуулалт хийж өгөхийг л хүсэж байгаа юм. Үнэхээр хэцүү байдалд байгаа учраас ингэж байна. Хот хоорондын зорчигч тээвэрлэдэг ААН-үүд хувьд 100 хувийн шатахуунаас хамаардаг. Шатахууны үнэ нийт зардлын 55-60 хувийг эзэлж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ