Н.Уранжаргал: Хүүхдүүдэд хятад вакцин хийж байгаагүй

Есөн сартай охин вакцинаас болж амиа алдсан гэх мэдээлэл иргэдийг ихээхэн цочирдуулж байна. Энэ асуудлаас улбаалан эрүүл мэндийн яамныхан хугацаа нь дууссан вакцин оруулж ирдэг гэх мэдээллүүд сошиалаар хөвөрч байгаа юм. Тиймээс энэ асуудлаар ХӨСҮТ-ийн вакцины асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уранжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Товлолын буюу 0-15 насны хүүхдүүдийн вакциныг хаанаас яаж захиалж оруулж ирдэг вэ?-Монгол Улс 0-15 настай хүүхдүүдэд заавал хийх товлолын буюу дархлаажуулалтын вакциныг 13 нэр төрлийн халдварт өвчний эсрэг зургаан төрлийн вакциныг захиалан худалдан нийлүүлдэг. Эдгээр вакциныг НҮБ-ын хүүхдийн сангийн шугамаар дамжуулан худалдан авдаг. НҮБ-ын хүүхдийн санд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарын шаардлага хангасан үйлдвэрлэгчийн вакцинууд байдаг. Олон нийтийн дунд манай улс ядуу буурай улс учраас бусад улс орнуудын тусламжийн вакциныг хэрэглэдэг гэсэн ташаа мэдээллүүд явж байна. Засгийн газар товлолын вакцинаа 100 хувь өөрийн санхүүжилтээр худалдаж авдаг. Хүүхдийн сангаар дамжуулан чанарын шаардлага хангасан вакцин худалдан авдаг. Монгол Улс ихэвчлэн Англи, Япон, Солонгос, Болгар, Нидерланд, Энэтхэг гэх мэт улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакциныг оруулж ирдэг.
-Вакцинаа хэрхэн яаж хадгалдаг вэ?
-Вакциныг онгоцоор зориулалтын саванд, зориулалтын хэмийн хэрэгслийг дотор нь хийгээд илгээдэг. Онгоцны буудалд буунгуут ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны мэргэжилтнүүд зориулалтын хөргүүртэй машинтай очиж, гаалиас хүлээж авдаг. Хүлээж авсныхаа дараа ХӨСҮТ дээр байгаа төв агуулахад авчирч хадгалдаг. Энэ агуулах нь 24 цагийн турш тасралтгүй хэмийг хянаж байдаг. Хадгалалтын асуудалд эцэг эхчүүд санаа зовох хэрэггүй.
-Цахим хуудсаар хятадын вакцин хүүхдүүдэд тариад байна гэх мэдээлэл хөвөрч байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?
-Хятад вакцин хийж байгаа гэдэг бол ташаа ойлголт. Хүүхдүүдэд хятад вакцин хийж байгаагүй.
-БНХАУ-д галзуугийн вакциныг хуурамчаар хийж байгаа гэх мэдээлэл байна?
-Манай улсын хувьд галзуугийн вакциныг худалдаж авахдаа мөн л олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрээс худалдаж авдаг байгаа. Энэ гадуур цацагдаад байгаа мэдээллийн тухайд хувь хүний баталгаажаагүй, жижиг үйлдвэрээс гарсан асуудал. Энэ вакцин бол манайд орж ирээгүй. Бид олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрээс вакцинуудаа худалдаж авдаг. Мөн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн вакцинуудыг хэрэглэдэг. Хятадад вакцин хуурамч үйлдвэрлэсэн асуудал гарч тухайн компани нь алдаагаа хүлээн зөвшөөрсөн ч манайд тэр вакцин орж ирээгүй. Бид баталгаатай, том компаниас вакцинаа авдаг байгаа.
Эх сурвалж: medee.mn
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ