Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 65.5 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцсэн байна. Энэ үеэр Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийжээ.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн байна. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэнээр 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.

Энэ тухай тэрээр хэлэхдээ, “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй  1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Ирэх сарын 15 гэхэд бүх засвар дуусах боломжтой. Түүнчлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 15 байгууламжийн 32 халаалтын уурын зуухны халаалтын засварын ажил хийж байна. Энэ ажил 72 хувьтай байна.

2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” гэжээ.

Мөн Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаанаар хангах зорилготой Дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил нь 3 үе шаттай хийгдэхээс 1 үе шатны ажил нь 2Ø700мм голчтой 2800 метр шугамын угсралт хийхээс өнөөдрийн байдлаар материал таталт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 80 орчим хувьтай хийгдсэн байна.

Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 18 сургууль, 16 цэцэрлэг, 2 ясли нийт 36 барилга байгууламжид инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэх хүсэлтээ танилцуулжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх сарын 15-ны дотор дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг дуусгах ёстой. Энэ ажлыг   Улаанбаатар хотын Ерөнхий менежер хариуцна” гэжээ. Сургууль цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ нийслэл хот хангаж дууссан байх үүрэг даалгаврыг дүүргүүдийн засаг дарга, холбогдох агентлагууд, салбар хариуцсан нийслэлийн орлогч дарга нарт даалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ