Монголчууд сүлжээний залиланд сүсэглэсээр байх уу?

Баяр наадам дуусч, хүмүүсийн ажил сургууль эхлэх үеэр өнөөх сүлжээний бизнес эргээд дэлгэрч эхэллээ. Өмнө нь хууль хяналтын байгууллага иргэдийн гомдлын дагуу хууль бусаар үйл ажиллагаа явуулж иргэдэд их хэмжээний хохирол учруулж байсан нь тогтоогдсон 50 гаруй сүлжээний бизнесийн үйл ажиллагааг зогсоосон байдаг.

Гэвч тэд дахин аргаа өөрчлөн, “богино хугацаанд мөнгө олох боломжтой, гэртээ зүгээр сугаад мөнгө олоорой, мөнгө байршуулаад түүнийгээ нугалж авах боломжтой” зэрэг аргаар залилж эхэлжээ.  Ингэхдээ сүлжээний тухай мэдээлэл дутмаг учир орон нутгийн иргэд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, хөгшин хүмүүсийг хамруулж байгааг цагдаагийн байгууллага тогтоосон байдаг.

Тодруулбал сүүлд гэхэд нэг хүнийг 10 мянган доллараар элсүүлдэг АБА нэртэй сүлжээ иргэдийн дунд дэлгэрчээ. Одоогоор хохирогчид нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч эхэлжээ. Хохирогчдын хэлж буйгаар орон нутгаас олон хүмүүс элссэн байсан аж.

Нэгэн хохирогчийн хэлснээр “Би 10 мянган ам.доллараар элсээд хохирчихлоо. Дараа нь урамшуулалд нь 3000 ам.доллараар нэмэлт элсэлт хийсэн. Миний хувьд 10 мянган доллараа юунд итгэж өгсөн бэ гэвэл, гадаадын олон хөрөнгө оруулагчтай компани байдаг. Олон улсын хөрөнгөн дээр үндэслээд арилжаа наймаа хийж ашгаа хүртэх юм байна гэж бодоод итгэж найдаад өгсөн” гэв.

Уг сүлжээний бизнест  гэр бүл, ах дүүсээрээ нийлээд 200-300 сая төгрөгөөр элссэн хүмүүс ч байгаа аж. Хохирлын нийт хэмжээний хувьд 90-100 тэрбум төгрөг гэнэ.

Үүнтэй холбоотойгоор уг сүлжээний бизнесийг толгойлогч орос иргэнийг энэ сарын 15-ны шөнө Туушин зочид буудлаас баривчилжээ. Гэвч тухайн хүний биеийн байдал муудсан тул Сайд нарын хоёрдугаар эмнэлэг рүү аваад явсан бөгөөд удалгүй оросын Элчин сайд ирээд аваад явчихсан гэх. Хохирлын хэмжээний хувьд 90-100 тэрбумын хохиролтой” гэсэн мэдээлэл байгаа юм.

Сануулахад, манай улсад 2015 оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байсан “Жи-тайм” гэх сүлжээ нэрээр луйвар хийж байсан Марат Мажанов гэгч нь дансандаа их хэмжээний мөнгөтэй зугтах гэж байгаад “Чингис хаан” нисэх буудлаас баригдсан байдаг. Энэхүү сүлжээний бизнест хөрөнгө оруулж хохирсон хохирогчдын тоо 43 мянга давсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хохирлын хэмжээ нь 41 тэрбум гаруй төгрөг болсон байна. Үүнээс харахад Монголчууд үнэхээр хууртаж ханахгүй улс юм даа. 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ