МУГТ Э.Бэхбаяр аваргын алтан медаль хүртэж, медалийн буухиаг эхлүүллээ

Индонезийн нийслэл Жакарта хотын Гелора Банг Карно /Gelora Bung Karno/ цогцолбор хүрээлэнд орон нутгийн цагаар 19:00 цаг (VIII/19)-т “Жакарта-Палембан-2018” Азийн зуны XYIII наадмын албан ёсны нээлтийн ёслол болж өндөрлөлөө.
“Азийн эрч хүч, зүтгэл” (Energy of Asia) уриатай тус наадмын нээлтийн ёслол Индонезийн ард түмний түүх, үндэсний соёл, уламжлалыг нутгийн үзэсгэлэнт байгаль, далай, усны гайхамшигт үзүүлбэртэй хослуулан гайхалтай чадварлаг толилуулснаар дэлхий дахины анхаарлыг татав.
Ази тивийн 45 орны тамирчид, төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн Азийн зуны XYIII наадмын нээлтийн ёслолд Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо мотоцикльтэй орж ирэн мэндчилгээ дэвшүүлсэн нь нээлтийн ёслолын хамгийн оргил хэсгийн нэг байв.
Олимп, ДАШТ-ий дараа, тивдээ хамгийн томд эрэмбэлэгддэг Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилж буй юм. Монголын таван бөх барилдсанаас 57 кг-ын жинд зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 65 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Батмагнай, 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө барилдахаар болсон билээ.
МУГТ Э.Бэхбаяр эхний тойргуудад Тажикистаны Х.Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялж, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Узбекистаны М.Шавкатовыг 5:4-өөр өвдөг шороодуулав. Хагас шигшээд Ираны Р.Атриг ялсан тэрбээр аваргын төлөө 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга, БНАСАУ-ын бөх Кан Кум Сонтой өрсөлдөв.
Тэмцээний 74 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Японы бөх Ю.Фүжияма, 97 кг-д Ө.Батзулыг дийлсэн БНСУ-ын тамирчин Ким Жэ Ган нар хагас шигшээд ялагдсан тул манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжсэн билээ.
Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан хийн урт бууны холимог багийн төрөлд манай улсаас хоёр хос өрсөлдөв. Монгол Улсын олон удаагийн аварга, цөөнгүй дээд амжилтыг эзэмшигч Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй. “Рио-2016” олимпод цэц сорьсон Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа нар 832.1 (417.7+414.4) оноогоор финалд өрсөлдөх эрх авч, шигшээд 346.6 оноо авч, V байрт шалгарчээ.
Монгол тамирчид Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж, хэсгээсээ хараахан шалгарч чадаагүй ч улсынхаа хоёр дээд амжилтыг шинэчилсэн юм. 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хурд сорьсон Э.Дэмүүл 1:03.80, 4х100 метрийн буухиа сэлэлтийнхэд А.Хэрлэн, Х.Энхзул, Б.Есүй, Б.Энххүслэн нар 4:14.58 секундээр Монгол Улсын дээд амжилтыг ахиулав. Мөн 200 метрийн өврөөр даллах төрөлд Б.Батмөнх 2:15.60, Г.Тэнгис 2:44.57, Б.Есүй 2:41.07, Э.Ариунтамир 2:47.80 цагийн амжилт үзүүлсэн юм.
Энэ төрөлд түрүүлсэн Тайваний тамирчид 494.1 оноогоор тус наадмын дээд амжилтыг шинэчилж, Азийн наадмаас алтан медаль авсан улсынхаа анхны мэргэн буучид болов. БНХАУ 492.5, Энэтхэгийн хос 429.9 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ