Таксиг соёлжуулах аян өрнүүлье!

Сая илүү хүн амтай нийслэл хотод маань албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 11 компанийн 600 орчим такси явж байдаг гэсэн тоо бий. Харин Улаанбаатар шиг сая хүн амтай хотод 15-20 мянган такси үйлчилгээнд явж байвал жинхэнэ стандартад хүрдэг байна. Харамсалтай нь манайд энэ нь мөрөөдөхөөс цаашгүй тоо. Тэгээд ч тэр олон таксиг багтаах газар, шингээх зам бий билүү. Тэгэхээр  албан ёсны 800 хүрэхгүй тооны такси нь аманд ч үгүй, хамарт ч үгүй байх нь аргагүй мэт. Ёстой л үзэгдээд өнгөрөх төдий гэсэн үг.

Байдал дандаа ч ийм байсангүй ээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө 61 аж ахуйн нэгжийн 3260 такси үйлчилгээнд явж байсан үе бас бий. Гэвч зах зээлийн жамаар такси компаниуд шахагдсаар одоо 800-гаад такси үлдээд байгаа нь энэ. Хөдөө гадаанаас орж ирсэн хүмүүс лизингээр машин авч, халтууранд явдаг болсоор дээрх тоог мянга мянгаар буулгаж орхисон нь тэр. 

Ном журмаараа бол таксины үйлчилгээнд гурваас дээш жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч, үйлдвэрээс гараад 10 жил болоогүй, өөрөөр хэлбэл, шинээрээ байгаа, зөв талдаа рультэй машинаар явах ёстой. Энэ энгийн шаардлагыг манайд хэр биелүүлдэг билээ гэдэг анхны алхам дээрээ л нийслэлчүүд бүдрэх вий. Үүнээс цаашлаад өнгө үзэмж, зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан гээд тавигдах шаардлага нэмэгдэх тусам дуудлагын тэрэгний шалгуур босго өндөрсөх учиртай. Тэгж нарийвчилж үзэх юм бол хэд нь тэнцэж үлдэхийг бүү мэд. "Халтуур"-ынхантай бол энэ талаар ярих нь илүүц. Зарим нь салж ойчих нь дөхсөн машинаар хэдэн ясыг чинь тараачихгүй дөхүүлж өгвөл болох нь тэр. Мэдээж халтууранд яваа бүгд тийм биш гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Таксинаас илүү  ганган, цэвэр цэмцгэр нь бас цөөнгүй бий.  

 

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлуудтай холбоотой байдаг.

Тэрчлэн автомашины өнгө үзэмж муу, эвгүй үнэртэй байдаг төдийгүй жолооч нар нь харилцааны соёлгүй, мөнгө тааруулж өгөхийг шаарддаг, эсвэл хариулт өгдөггүй, жолоо барьж явахдаа утсаар ярьж, аюулгүй байдал хангадаггүй гэх мэт айдас, тав тухгүй байдлын талаар гомдол, зөрчил тасрахгүй.

Угтаа зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг юм. Тухайлбал, такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, онгоц буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.

Таксигаар нь тухайн хотын нүүр царайг тодорхойлж, үйлчилгээгээр нь үнэлж дүгнэдэг жишиг дэлхийд бий.  Энэ ч утгаараа хотуудын нүүр царайны илэрхийлэл болсон такси үйлчилгээнд ямар тээврийн хэрэгсэл явуулахыг хуульчлан заасан орон цөөнгүй гэнэ. Тухайлбал, АНУ-д V-8 хөдөлгүүртэй “Crown”-ыг, харин Канадад “Prius” болон “Camry” маркийн машиныг такси үйлчилгээнд явуулдаг байна. Харин манайд ийм зүйл дуугарах цаг нь болоогүй. Ямар машин явуулах вэ гэхээсээ илүүтэй яаж соёлтой үйлчлэх вэ гэдэг дээр анхаарвал арай дөхөм болов уу.   


Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ