"Иргэн хүн үгээ хэлснийхээ төлөө яагаад дарамтлуулах ёстой юм"

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Баянгол дүүргийн иргэн, худалдаа эрхлэгч С.Мишиг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж наймдугаар сарын 16-ны өдөр хэвлэлийн хурал зарласан байдаг. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс 15 хоног хорих ял оногдуулсныг ар гэрийнхэн болон худалдаа эрхлэгчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. 

Энэ талаар Иргэн С.Мишигийн гэргий Д.Бурмаа хэлэхдээ “Бидний төлөөлөл С.Мишигээг зөрчлийн хуулийг эсэргүүцэж, үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүхээр 15 хоног баривчлах шийдвэр гаргалаа. Үүнийг эсэргүүцэж байна. Зөрчлийн хуулийг эсэргүүцэж намрын чуулганы үеэр өлсгөлөн зарлана гэж хэлсэн хэвлэлийн бага хурлын дараа баривчлах үйл явц болж өнгөрлөө. Зөрчлийн хуулиар ард түмнийг далайлган дарамталдгаа болъё.

Торгуулиар далайлган ард түмний нуруун дээр маш их дарамт үүсгэж байгаа явдлыг бид эсэргүүцэж байна. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа н.Эрдэнэбилэг гэж хүн иргэн С.Мишигээд гомдол гаргасан. Зөрчлийн хуулийн 1.1, 1.2, 1.4 гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Үүнийх нь дагуу өчигдөр шүүх хурал болж 15 хоног баривчлах ялаар шийтгэгдээд байна. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд хурандаа н.Эрдэнэбилэгээр ахлуулсан цагдаагийн ажилчид 2018 оны зургадугаар сарын 27-ны өдөр ирж хууль бус шаардлага тавьсан.

Энэ шаардлагыг биелүүлээгүй учир зөрчлийн хуулиар хэрэг үүсгэж байна гэх тайлбар бидэнд өгсөн. Хэрэв цагдаагийн алба хаагчид тэр даргын ийм захирамжаар та бүхэнд ийм шаардлага тавьж, ингэж торгож байна гэж хэлсэн бол бид эсэргүүцэхгүй байсан. Цагдааг иргэн С.Мишигээ төр түмэнд муухайн харагдуулаад байна гэсэн. Цагдааг иргэн С.Мишигээ муухай харагдуулаад байгаа юм биш, төрийн хувцас өмсчхөөд хувийнхаа ааш араншинг албандаа гаргаж ёс зүйгүй аашилснаасаа ичих хэрэгтэй. Зөрчлийн хуулийг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно.

Иргэн хүн үгээ хэлснийхээ төлөө, яагаад төрийн хатуу дарамтад байх ёстой юм. Шүүхийн шийдвэрийг шударга бус болсон гэж үзэж байна. Шүүх хурлын үеэр үзүүлсэн хоёр СД-ний бичлэгт цагдаагийн эсрэг хүмүүс шаардлага тавьж үг хэлж байгааг бүгдийг нь эвлүүлчихсэн байсан. Түүнийгээ иргэн С.Мишигээгийн эсрэг нотлох баримт болгон ашигласан. Цагдаа нар эмэгтэй хүнийг цохиж унагаж байгаа баримт бидэнд олон бий.

Нэмж хэлэхэд, Эрхэм ЦЕГ-ын дарга Эрдэнэбилэг танд ёс зүйн ялзралд орсон хувийнхаа араншинг ажил албандаа гаргадгаа болиоч ээ гэж хэлмээр байна. Ёс зүйн арга хэмжээг авч  миний гэр бүл болон худалдаачдад албан ёсоор хариу хэлэхийг хүсч байна” гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ