Гандантэгчэнлин хийдээс Баян-Өлгий аймгийн иргэдэд тусламж үзүүлэв

Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс өнгөрсөн долдугаар сарын үерийн улмаас орон гэргүй болсон Баян-Өлгий аймгийн иргэдэд тусламж үзүүлжээ. Тодруулбал, тус хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийн буддын сүм хийдүүд иж бүрэн 10 монгол гэр, гурил будаа, цай, хүнсийг Баян-Өлгий аймгийн Раш Гэмпэллин хийдийн тэргүүн Г.Батхүүд гардуулж өгсөн байна.

Тус хийдийн тэргүүн Г.Батхүү “Энэхүү хандивын гэр, хүнсний бүтээгдэхүүнийг тусламж аваагүй иргэдэд хүргэнэ. Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, ТББ-ын хандиваар 110 өрхөд гэр олгоод байна. Цаашдаа байгалийн гамшигт өртсөн иргэдэд хандивын үйл ажиллагаа цуглуулах аян үргэлжилнэ” хэмээн хэлжээ.

Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Манай хийд жилийн дөрвөн улиралд хандив тусламжийн аян өрнүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд байгалийн гамшигт нэрвэгдсэн орон нутаг, хүнд нөхцөл байдалд амьдардаг айл өрхүүдэд тусалдаг. Энэ удаа бид Баян-Өлгий аймагт болсон үер усны улмаас хохирсон иргэдэд тусламж үзүүлж байна” хэмээн онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ