Хүүхэд хулгайлах нь хүнд гэмт хэрэг биш гэж үү?

Бага насны хүүхдийг хулгайлах гэмт хэрэг сүүлийн үед ойр ойрхон дуулддаг боллоо. Сүүлд л гэхэд энэ сарын 19-ний өдрийн 16:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Ширээ нурууны нутаг” гэх газар (сумын төвөөс баруун хойд зүгт таван км-т) тус сумын харъяат, таван настай Э охин гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон. Гэр бүлийнхэн нь түүнийг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах ангийнханд өгсөн байдаг.
Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид уржигдар буюу наймдугаар сарын 21-ний оройн 21:00 цагт охиныг Улаанбаатар хотоос эсэн мэнд олсон. Охин хулгайлагдсан байсан бөгөөд уг хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух “Б” гэх эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар сэжигтэн Б-г саатуулан шалгаж буй юм.
Сэжигтэн Б-ийн хэлснээр “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй” гэж хэлсэн. Түүнтэй зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлжээ. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг: “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13 дугаар бүлгийн 13.2-т “Хүн хулгайлах”, 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж... гэсэн хоёр зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Энэ зүйл анги нь 1-5 жилийн хугацаагаар хорих хуулийн заалттай.
Угтаа хүүхдийн заяа түшиж балчир охин эсэн мэнд олдсон нь сайн хэрэг. Гэхдээ бүхэл бүтэн хүн хулгайлсан гэмт этгээдийг тавхан жил хорьж шийтгэмээргүй байна. Гадны жишгээр хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан нь зөв юм.
ЦЕГ-ын мэдээлснээр, сүүлийн дөрвөн жилд хүүхэд алга болсон тухай 1,353 дуудлага цагдаагийн газруудад ирсэн аж. Гэхдээ эдгээрийн олонх нь төөрсөн, гэртээ очих цагтаа очилгүй тоглож өнжсөн, компьютер тоглоомын газруудад бүгсэн, найз нөхөдтэйгөө дарвиж зугаацсан нь тогтоогджээ. Үүнээс гадна эцэг, эхийн харилцаа таарамжгүй, архидалт, хүчирхийллээс болоод хүүхдүүд гэрээсээ дайжиж зугтаах нь ч олонтоо тохиолддог аж.
Өөрөөр хэлбэл, алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь олддог байх нь. Тэгвэл олдоогүй тохиолдол ч бий. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын Үүд сумаас алга болсон Д.Сэржмядаг хэмээх наймхан настай охин одоог хүртэл олдоогүй байна. Түүнийг олон нийт өмнөд хөрш рүү хулгайгаар авч яваад хүний наймааны золиос болгосон байх, үгүй бол хэн нэгэн сэтгэцийн өвчтэй этгээд хорьж байгаа гэхчлэн бүгд л таамаг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, бүгд л юу ч тохиолдсон бай амьд л байгаасай хэмээн залбирч байгаа билээ.Эцэст нь хэлэхэд уул уурхай, ашиг сонирхол, улс төрийн хэрүүл шуугиан бол юу ч биш. Цаг зуурын л асуудал. Харин хүүхдүүд амиа алдаж, алга болж, хүчирхийлүүлж байгаа нь хэзээ ч зөвтгөж, засахын аргагүй алдаа. Иймд Монгол хүүхдүүдэд төр засаг хэрэгтэй байна. Тэд төрөөр хамгаалуулах шаардлагатай байна.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ