МҮЭ: Багш нар есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлана

Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр багш, эмч нар, түүнээс доогуурх цалинтай төрийн албан хаагчдын цалинг энэ оны есдүгээр сарын 1-ээс найман хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Харин өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газрын уг шийдвэрийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. 

МҮЭХ: Засгийн газар төсвийн тодотголоо хий. Хэмнэж, танаж болох зардлуудаа тана. Шилжүүлж болох олон зардал байгаа. Энэ нөөцөө дайчлахгүйгээр тэртэй тэргүй олгох байсан 56 тэрбум төгрөгийн урамшууллаа ингэж олгож байгааг эсэргүүцэж байна.

Есдүгээр сарын 3-наас орон даяар багш нар ажил хаялт зарлана. Энэ хугацаанд Засгийн газар дахин арга хэмжээ авах шаардлагатай. Найман хувь гэдэг 2018 оны инфляцийг хаахтай үгүйтэй л тоо. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цалинг нэг ч удаа нэмээгүй. Валютын ханш, төгрөгийн ханштай харьцуулж үзвэл 37,5 хувиар ам.доллартай харьцах ханш унасан. Ингээд бодвол 37,5 хувиар цалин нэмж байж худалдан авах чадварыг 2014 оныхоор хадгалж үлдэж чадах болно.

Эрүүл мэндийн салбарын ҮЭ:

Сувилагч нарын цалинг 20-30 хувь нэмж байгаа нь чамгүй амжилт. Гэвч болоогүй. Эмч нарын цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхэлж нэмэх нь тодорхойгүй байна. Эмэгтэйчүүдийн сувилагч, ахлах сувилагчдын цалинг нэмүүлэх асуудал тусгагдаагүй. Эмч нарын цалинг хэзээнээс шатлал нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна. Энэ шийдвэр тодорхой болох асуудлыг харзнаж байж бид ажил хаялтад нэгдэх эсэхээ шийднэ. Хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол бид ажил хаяхаар болоход тийм ч их хугацаа орохгүй. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байхад л болно. Бид боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж байна. Цаашдаа монголчууд цалингаараа сайхан амьдардаг болох хүртэл бид тэмцэнэ. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох ёстой.

Соёл урлагийн салбар, төрийн үйлчилгээний бусад салбарын ҮЭ:

Үйлдвэрчний эвлэлийг хуурсан шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Соёл урлагийн салбарын үйлдвэрчний эвлэл боловсролын салбарын ажил хаялтад нэгдэх эсэхээ дараа долоо хоногт шийдвэрлэхээр боллоо. Засгийн газар шийдвэрийг дангаар гаргаж байна. Гурван талт хэлэлцээр хийж, тэрний үр дүнд асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ