“Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент”-ийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр “Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент” төсөл болон “Жайка” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эмнэлгийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх сургуульд дадлагажуулах, судалгаа хийх чиг үүрэгтэй тусгай эмнэлэг бий болгох ажлыг Япон Улсын хөрөнгө оруулалтаар барьж, гүйцэтгэж эхэлсэн асуудлаар санал солилцжээ. 

Уулзалтын үеэр Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ, “Япон Улс анагаах ухааны салбарт хамтран ажиллаж, ирээдүйн боловсон хүчнийг чадавхжуулж, мэдлэгтэй эмч бэлтгэх ажилд хамтарч байгаад өндөр ач холбогдол өгч байгаа. Сургалтын эмнэлэг нь оюутнуудыг чадваржуулахаас гадна Монгол Улсын иргэдэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Энэхүү эмнэлэг бий болсноор Япон Улсын эмч нарын туршлага, арга зүйг эх орондоо нэвтрүүлэх хүлээлт үүссэн. Саяхан хэрэгжиж буй төслийн ажилтай биечлэн танилцах үед өндөр хөгжилтэй улсын эмнэлгийн дүр зураг харагдсан. Сургалт явуулах эмнэлгийн статус ямар байх, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудалд та бүхний санал ч чухал байна” гэлээ. 

Мөн “Монгол Японы сургалтын эмнэлгийн менежмент” төслийн удирдагч, Анагаас ухааны профессор Ирахара, хэлэхдээ, “Мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх бааз суурь нь шинжилгээ, судалгаа хийх сургалтын эмнэлэг. Энэ ч утгаараа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуульд эмнэлэг барьж өгөх төсөл хэрэгжүүлж байгаа юм. Монгол эмч нар Японд мэргэжил дээшлүүлж, эрдмийн зэрэг хамгаалдаг. Гэвч эх орондоо эргэж ирээд эзэмшсэн туршлагаа хэрэгжүүлж чаддаггүй нь бааз суурьгүйтэй холбоотой гэж бодогддог. Энэхүү эмнэлэг баригдсанаар гол бааз нь болох учир салбарын хөгжил ч алхмаар урагшилна. Эмнэлгийн барилга баригдаж, хүлээлгэн өгснөөр төсөл дуусах биш харин ч эхэлнэ гэсэн үг. Цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл, эмчийн баг гээд олон асуудлыг шийдэх ёстой. Мөн 3-5 жил төр засгаас дэмжлэг авах шаардлага үүснэ. Тоног төхөөрөмжийн хувьд “Жайка” олон улсын байгууллагаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. Бидний зүгээс энэхүү эмнэлэг нь нийслэл, дүүргийн эмнэлэг гэхээс илүүтэй улсын, сургалт, судалгааны бааз суурь эмнэлэг байгаасай гэж хүсч байгаа” гэв.

Анагаах ухааны салбарыг нэг шат ахиулж, хөгжлийн шинэ шат руу хөтлөх төсөлд онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаагаа салбарын сайд хэлээд тулгарч буй асуудлуудыг дэс дараатай зөв зохион байгуулалттайгаар шийдэх хэрэгтэйг чухалчилсан аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ