Сургуулийн орчинд гар утасны хэрэглээг бүр хязгаарлая!

Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Бага, дунд ахлах ангийн гэлтгүй бүх хүүхэд гар утастайгаа эргээд нөхөрлөнө. Цахим ертөнц нь даяаршил, улс орон, хувь хүн хоорондын сайн харилцаа, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, соёлын дэвшлийг бүхэлд нь төлөөлж, нийгмийн хөгжлийн гол үзүүлэлт болохын зэрэгцээ урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлийг дагуулсаар байна. Тодруулбал, фэйсбүүк, ухаалаг гар утаснаас үүдэлтэй гэмт хэрэг, дарамт, цахим тоглоомоос шалтгаалан сэтгэц, зан төлөвийн өөрчлөлтөд орсон, сурах чадвараа алдсан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд өсч, эдгэршгүй өвчтэй болж байгааг эмч нар сануулдаг

Багачууд ухаалаг гар утасны тоглоом, сургуулийн насныхан, өсвөр үеийнхэн фэйсбүүкт донтох болсон нь сурагчдын сургалтын чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс гар утасны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хичээлийн цагийг үр ашигтай өнгөрүүлэхийн тулд БСШУСын сайд хоёр жилийн өмнө тушаал гарган багш, сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарласан билээ. Гэхдээ энэхүү тушаал зарим сургуулиудад огт хэрэгждэггүй гэх. Тодруулбал сурагчид багшаасаа ил, далд хэлбэрээр ухаалаг утсыг байнга хэрэглэсээр байгаа аж.  

Ухаалаг утас яагаад буруутай гэж асуух хүүхэд ч цөөнгүй байдаг. Тухайлбал, ухаалаг утас хэрэглэдэг сурагчид тэмдэглэлийн дэвтэр бараг хэрэглэхээ больсон байна.Маргааш гэрийн даалгавартай шалгалттай эсэхээ тэмдэглэж авахаа больсон аж. Мөн шалгалтдаа бэлдэхгүй болсноор сурлага нь мууджээ. Түүнчлэн газар зүй зэрэг зарим хичээлд сурагчид багшийн ярьж байгааг дуу хураагуур, видео маягаар бичиж авч, бие даалт зэрэг зарим судлах ажлаа интернэтээс хайгаад вэбийн линктэй нь засаж, янзлалгүй хуулаад ирдэг болжээ. Хамгийн гол нь сурагчид тухайн бие даалтаа хамгаалах чадвар байхгүй болсон байна. 

Ухаалаг гар утсыг сургуулийн орчинд хязгаарласан олон улсын туршлага олон байдаг. Тухайлбал, Японы Айчи мужийн Кария хотод бүх сургуулийн сурагчид оройн 21:00 цагаас хойш ухаалаг гар утас ашиглахыг хориглосон байдаг ажээ. Хотын захиргаанаас Японд нийтлэг тохиолддог бусдыгаа дээрэлхэх үзлээс гадна сурагчдын анхаарал төвлөрөлт, эрүүл мэндийг бодолцон ийм шийдвэр гаргасан байна. Тус хотод эцэг, эхүүд хүүхдийнхээ гар утасны хэрэглээг оройн 21:00 цагаас хязгаарлах бөгөөд интернэт орчинд холбогдох төхөөрөмжүүдийг хамт салгах ёстой аж.

Энэ нь ч үр дүнгээ өгч, сүрагчдын нийгмийн идэвх сайжирч, сурлагын амжилтад нь огцом өсөлт гарсан байна. Мөн хамгийн чухал нь, багш нар сурагчдад аль болох интернэт орчмоос хол даалгавар, бие даалт өгөх хэрэгтэйг сануулжээ. Иймд бид ч энэ туршлагаас үлгэр авч сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг ор тас хязгаарлах шаардлагатай байна. 

 Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ