Монгол-Германы XVI чуулган боллоо

Монгол-Германы XVI Чуулган Улаанбаатар хотноо “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” сэдвээр наймдугаар сарын 17-нд боллоо.
Тус чуулган Берлин болон Улаанбаатар хотод жил бүр ээлжлэн болдог ба Монгол, Герман улсын харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт арга хэмжээ юм.
Монгол-Германы ээлжит бага хурал бүрээр манай хоёр орны нийгэм, олон нийтийн анхаарлыг татсан, ашиг сонирхлыг хөндсөн, ялангуяа манай орны улс төр, нийгэм эдийн засаг, ирээдүйн хөгжлийн төлөвтэй холбоотой асуудлуудаас эхлээд олон улсын аюулгүй байдал, гадаад бодлогын хийгээд хоёр талын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг авч хэлэлцэн санал бодлоо нээлттэй солилцож, улмаар дуу хоолойгоо монгол, германы нийгэм, олон нийт төдийгүй төр засгийн удирдлагын анхаарал сонорт хүргэсээр ирсэн уламжлалтай.


Ардчилал бол улс төрийн аливаа үйл ажиллагаа, түүний шийдэл, хэрэгжилтэд ухамсартай бөгөөд идэвхтэй оролцож чаддаг ард иргэдээсээ хүчээ сэлбэж, бэхжиж байх учиртай. Иймд аливаа оронд ардчиллыг бэхжүүлэх хүрээнд ардчилсан иргэний улс төрийн боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй бөгөөд тогтвортой хүргэх нь нэн чухал билээ.


Тус чуулганыг зохион байгуулагч Монгол-Германы Чуулган болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн зүгээс энэ удаагийн чуулганаар Монголын ардчиллын амжилт ба сорилт, улс төрийн боловсролын өнөөгийн түвшин болон цаашдын ирээдүйн хөгжлийн талаар мэргэжилтнүүдийн илтгэлийг олон нийтэд танилцуулж, ирсэн зочид төлөөлөгчдын дунд улс төрийн хэлэлцүүлэг өрнүүлэн, чуулганаас гарсан онцлох санал, санаачилгыг олон нийтэд болон шийдвэр гаргагчдад хүргэхээр зорьсон юм.


Чуулганы илтгэгч болон хүндэт зочдоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч бөгөөд Монгол-Германы Чуулганы Тэргүүн П.Очирбат, Монгол Улсаас ХБНГУ-д сууж буй онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Др. Д. Ганбат, ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангийн Европ болон Олон улсын хамтын ажиллагааны төв газрын дарга Др. Герхард Валерс болон тус сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманн нар илтгэгчээр оролцлоо.
Монгол-Германы XVI Чуулганд Монгол болон Герман улсын улс төр, эдийн засаг, иргэний нийгэм болон иргэдийн 200 орчим төлөөлөл оролцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ