Алга болсон охин олдож, албан хаагчдын цалинг нэмсэн 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улстөрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаар М.Энхболд уучлалт гуйсан

60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн долоо хоногийн эхэнд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Даваа гарагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсондоо харамсаж байгаагэсэн агуулгатай байсан.  Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол боллоо” гэв.

Н.Энхбаяр: МАНАН-г ялж байж Монгол ялна

МАХН, Монголын ногоон нам, Иргэний Зориг ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам хамтарсан мэдэгдэл гаргасан талаар мэдээлэл хийсэн.  МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАНАН-гийн бүлэглэл аливаа сонгуульд хүнийг нь эсвэл намыг нь оролцуулахгүй гэж хасдаг боллоо. Бүр сүүлдээ сонгуулийг нь хасдаг байдлаар монголд өнөөдөр ардчилал, хариуцлагатай төр бий болгож чадахгүй. Нөхөн сонгуульд манай намаас хэн ч нэр дэвшсэн ялахын төлөө ажиллана. МАНАН-г ялахгүй бол Монгол ялагдана. МАНАН-г ялж байж Монгол ялна” гэв.

Шүүхээс З.Баянсэлэнгийг 19 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргав

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал болж өнгөрсөн. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Шүүгчдэгч З.Баянсэлэнгэ болон М.Болортуяа нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая 448 мянга 955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон байна. 

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэхээр болов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийлээ.  Тэрбээр “Төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмнэ. Мөн багш, сувилагч, цэцэрлэгийн багш нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаатай холбоотой УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна” гэлээ.

Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болов. Ж.Батзандан гишүүн "Швейцарь улс сар бүр Ард нийтийн санал асуулга явуулдаг. Гэтэл бид баталсан хуулиа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хэрэглээгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг дээр олон хүн санал нэгдэж байна. Би хууль тогтоогчийн хувьд саналаа дэвшүүлж байгаа. Парламентын 25 гишүүн энэ санаачилгад нэгдэх юм бол УИХ-аар хэлэлцэх боломжтой болно” гэв.

 

Нийгэмд

Таван настай охиыг хулгайлсан эмэгтэйг баривчлав

Гэрийнхээ гаднаас алга болсон таван настай охиныг хоёр хоног хайсны эцэст олжээ. Охиныг 37 настай эмэгтэй 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид баривчилжээ.

Түүнийг хулгайлсан Б нь 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн аж. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорви байхгүй аж.    

Төрийн байгууллагуудаас 115 ширхэг согтууруулах ундаа илрэв

ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын албан даалгаврын биелэлтийг өнгөрсөн долоо хоногт шалгажээ. тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1,139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай /салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монгол банкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг эзэмшигчдээр нь ажлын байрнаас нь гаргуулсан байна.

Дэлхийд

Д.Трамп: Оросын эсрэг хоригийг цуцлаж болох юм

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр Ройтерс агентлагийн сурвалжлагчид ингэж хэлсэн байна. Ингэхийн тулд Оросын тал Украин, Сирийн асуудлаар Вашингтоны засаг захиргаатай хамтран ажиллах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Саудын Арабд хүний эрх хамгаалагч эмэгтэйг цаазлав

Засгийн газрыг эсэргүүцэх арга хэмжээнд оролцсон Эсра Аль-Хомгам гэдэг эмэгтэйг Саудын Арабд цаазалжээ. Түүнийг Катиф хотод болсон жагсаалд оролцож байгаад, баривчлагдсаныг ийнхүү мэдээлжээ.  Тэрээр өнгөрсөн жилүүдэд цаазын ял сонссон анхны эмэгтэй аж. 29 настай Эсраг “эрх баригчдад захирагдаагүй” гэсэн шалтагаар 2015 онд нөхөр болон дөрвөн эмэгтэйн хамт баривчилсан байна. Ялыг наймдугаар сарын 20-нд ёсоор гүйцэтгэжээ. 

Жон Ленноны амийг бүрэлгэсэн этгээдийг суллахаас татгалзав

Домогт “Beatles” хамтлагийн гишүүн Жон Ленноны амь насыг бүрэлгэсэн Марк Дэвид Чэмпенийг суллахаас татгалзсан тухай мэдэгдэл АНУ-ын тэнсэн суллах асуудал эрхлэсэн комиссоос арав дахь удаагаа ирснийг РИА Новости агентлаг уламжилжээ. Комисс татгалзах тухай шийдвэр гаргасан бөгөөд түүнийг суллах нь нийгмийн амар тайван, аюулгүй байдалд харшилж улмаар хууль дүрэм хүндэтгэх явдлыг зөрчин, гэмт хэргийн ноцтой шинж чанарыг алдагдуулна гэдгийг мэдээлж байна.  

   

Г.Хулан  

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ