Оюутнууд дахин эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэв

Ардчилсан оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөлүүд хамтран их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. 

Ардчилсан Оюутны Холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж “Одоогоос 10 хоногийн өмнө ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулийн төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн. Бид наймдугаар сарын 15-наас бүх их дээд сургуулиудад албан тоот хүргүүлсэн юм. Одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд 96 их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Энэ жил албан ёсоор дөрвөөс таван их дээд сургууль нэгдсэн. Өнөөдөр 35 сургуулиас албан ёсны хариу ирээд байна. Ихэнхи дээд сургуулиуд албан тоотын хариунд сүүлийн гурван жил төлбөрөө нэмээгүй гэсэн боловч сургуулийнхаа гадаа наасан сургалтын төлбөрийн мэдээлэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Бид дахин их дээд сургуулиуд дээр очиж, сургуулийн төлбөр нэмэх ямар шалтгаан байгаа талаарх асуулгыг биечлэн очиж асуух болно.

Мөн БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад албан тоот хүргүүлж байгаа. Сургалтын төлбөрийг 10 хувиас дээш өсгөж болохгүй гэсэн чиглэл өгсөн гэсэн мэдээлэл байна. Мөн сургалтын төлбөр өсгөсөн сургуулиуд руу дахин албан тоот явуулна. Хэрэв сургалтын төлбөрийг бууруулах талаар нааштай хариу хэлэхгүй бол наймдугаар сарын 29-ны өдөр их дээд сургуулийн оюутны зөвлөл болон нам эвслийн байгууллагууд бүгд нэгдэж албан ёсны тайван жагсаал хийнэ. Хамгийн гол нь есдүгээр сарын гуравны өдөр багш нар ажил хаяж байгаа юм. Хэрэв 29-ны өдөр жагсаал дээр хариу өгөхгүй бол багш нартай нэгдэнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ