Үерт өртсөн иргэдэд 393 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран нийт 393 сая төгрөгийн өртөг бүхий хүмүүнлэгийн тусламжийг Баян-Өлгий, Ховд, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд хүргэжээ.
Үерийн гамшгийн нөхцөл байдал хүндэрч, олон аймаг, сумыг хамарсан тул нэмэлтээр 430 өрхөд бэлэн мөнгө, хүнсний бус хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоонд тавьж, наймдугаар сарын 23-ны өдөр 372 сая төгрөгийн санхүүжилт батлагдсан байна.
Энэхүү нэмэлт хүмүүнлэгийн тусламжийг Өмнөговь, Хөвсгөл, Архангай аймгийн үерт өртөж, орон гэрээ алдсан өрхүүдэд олгох юм.
430 өрхөд тус бүр 240,000 төгрөг болон хүнсний бус хүмүүнлэгийн тусламжийн багц олгоно. Энд гал тогооны иж бүрдэл, ариун цэврийн багц, хөнжил, гудас, усны сав зэрэг зүйлс багтаж байгаа юм.
Түүнээс гадна Монголын улаан загалмай нийгэмлэг нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамтай хамтран Баян-Өлгий аймгийн үерийн гамшигт өртөж, орон гэрээ алдсан 50 өрхөд өвлийн байшин барихад зориулж, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 314 мянган ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ