“Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн боллоо

“Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд есөн дүүргийн 165 эцэг эхчүүдийн төлөөлөл, 20 гаруй багш, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир болон 40 гаруй албаны хүмүүс оролцжээ.

Салбарын яамны зүгээс 2018 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх том хөтөлбөртөө эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр болсон байна. Тодруулбал, хүүхдийн зөв төлөвших асуудалд гурвалсан байдлаар анхаарч, гэр бүлийн хүмүүжлийг чухалчлах нь зүйтэй гэж үзэж буй аж.

Энэ үеэр Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ “Сурагчдын боловсролын асуудалд багшийн оролцоо маш чухал. Гэхдээ тухайн хүүхдийн хүмүүжил, олон нийттэй хариуцах асуудал нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой зүйл. Энэ ч утгаараа эцэг, эх болгон хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч, оюунлаг, ирээдүйн улс орныг хөгжүүлэх мэдлэгтэй боловсон хүчин болгох вэ гэдгийг бодох шаардлагатай байна. Багш нарын хувьд заах аргачлал, нийгэмшүүлж, мэдлэгийг дээшлүүлэх болон өөрсдөө шинийг санаачлан хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд анхаарах ёстой” гэжээ.

Мөн салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Ирж буй хичээлийн жилд хэрэгжих том төлөвлөгөөнд эцэг эхчүүдийн бодол санаа, дэвшүүлэх санал маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэхүү зөвлөгөөнөөс тодорхой зөвлөмж гарах бөгөөд хичээлийн жил эхлэхэд улсын бүх сургуулийн анги бүрт, сурагч бүрийн эцэг эхчүүдэд зөвлөмжөө танилцуулах болно. Ингэснээр аравдугаар сард өргөн баригдах Боловсролын тухай багц хуульд эцэг эхчүүдийн оролцоо ямар байх талаар тодорхой тусгагдах юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх аав, ээж нар маань салбар яамтай, сургууль, багш нартайгаа хамтран ажиллаж, ирээдүйг цогцлоох үрсийнхээ боловсрол, харилцааны соёлд өөрсдийн бодол санаагаа хэлж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын цайны газарт тодорхой шаардлага тавьж ажиллахаа дуулгалаа. Тухайлбал, хүүхдийн биед хортой гэдэг нь тогтоогдсон чипс, хийжүүлсэн ундаа болон хориглосон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

zowlogoon

СЭТГЭГДЭЛ БИЧИХ