ИРГЭДЭЭ ГУРВАН САР ХАЛУУН УСГҮЙ БАЙЛГАЖ ЧАДДАГ ЭРЭЛХЭГ МОНГОЛ МИНЬ

“Халуун ус ирлээ” гэж магнай хагартал баярлаад шүршүүртээ үсэрч ортол хүйтэн ус магнай хага ташив” гэж нэгэн хүн фэйсбүүк хуудастаа бичжээ. Сүүлийн саруудад олон нийтийн цахим хуудсанд халуун усны эрэл болсон хүмүүсийн сэтгэгдлээр дүүрэх болов.
Тухайлбал, Офицерын тойргоос хойш эргэхэд замын хоёр талд газар ухаж, урт, том төмөр хоолойг суурилуулж буй. Баянзүрх дүүрэг дэхь халаалтын зуухыг халж, төвлөрсөн дулааны шугамд холбон, Амгалан дулааны станцаас гарсан дулааны шугамын 500 мм диаметртэй хоолойг, 700 мм диаметртэй хоолойгоор сольж буй энэ ажил уг нь долоодугаар сарын 20-нд дуусч, Баянзүрх дүүргийн оршин суугчид халуун усаар хангагдах ёстой байсан юм. Гэвч товлосон хугацаандаа амжаагүй тул наймдугаар сарын 4-нд уг ажлыг дуусгахаар болсон ч мөн л амжсангүй.
Засгийн газрын 22.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж буй энэ ажил хэзээ дуусч, гурван сар халуун усны “бараа хараагүй” тус дүүргийн оршин суугчдын магнай тэнийхийг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанийн хэвлэлийн албаны даргаас тодруулахад “Цаг агаар болон хувийн аж ахуйн газар чөлөөлөлт зэрэг олон шалтгааны улмаас ажил хугацаандаа амжсангүй. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа. Бид дүүргийг наймдугаар сарын 25-нд халуун усаар хангахаар гүйцэтгэгч компанийг шахан ажиллаж байна” гэлээ.
Хоолойг наймдугаар сарын 25-нд суурилуулж дуусах эсэх талаар гүйцэтгэгч компани болох “МЭЗ”-ын талбайн инженерээс тодрууллаа.
-Яагаад ажил товлосон хугацаандаа дуусахгүй байна вэ?
-Манай компанийн ажил зургаадугаар сарын 20-нд Батлан хамгаалах яамны хашаанаас эхэлсэн. Төрийн байгууллага учир хаалга, гарц орцыг нээх зэрэг ажил саадгүй эхэлсэн. Харин “Хорго” хотхон хувийн өмч тул газар чөлөөлөлт, нөхөн сэргээлт зэргийг тохироход хугацаа алдаж ажил саатсан.
-Ажил эхлэхээс өмнө нийслэлээс газрыг чөлөөлөөгүй байсан юм уу?
-“Хорго” хотхон биднийг оруулахгүй гээгүй. Хамгийн гол нь нөхөн сэргээлтийг яг хэрхэн хийх талаар удаан хэлэлцээр хийснээр орц, гарцаа нээсэн.
-Танай ажил хэзээ дуусах вэ?
–Сунгагдсан гэрээний дагуу наймдугаар сарын 30-нд манай ажил дуусна. Ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан дуусгахаар бид 24 цагаар ажиллаж байгаа. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ”-нийхэн наймдугаар сарын 25-нд усаа шахна гэсэн. Түүнээс өмнө шаардлагатай ажлыг хийгээд, үлдсэн ажлаа 30-наас өмнө амжуулна.
Өвөл нь дулаан, зун нь халуун ус тасардаг. Хэзээ тасрах бол гэсэн түгшүүр, удахгүй ирэх байх гэсэн хүлээлт дунд иргэд амьдарсаар байна. Халуун ус тасрах нэг шалтгааныг дулааны шугам сүлжээ, зам засварын ажилтай холбон тайлбарладаг. Хачирхалтай нь “томчууд”-ын орон сууцны халуун ус барагтай л бол тасрахгүй. Тасарсан ч хэдхэн цагийн дараа ирдэг гэнэ шүү.
Учир нь тэд ганцхан удаа хэн нэгэн рүү утас цохиод л асуудлыг шийддэг байна. Гэтэл ард иргэд нь СӨХ, Ус сувгийн удирдах газар гээд хандаж болох бүх л газарт хэлдэг боловч асуудлыг шийдэж чаддаггүй. Тэд өнөөх л “Мэдэхгүй” гэсэн хариулт авч, халуун ус ирэхийг хүлээж байна. Хэдий болтол аль нэгэн албан газрын ажлаас болж иргэд хохирсоор байх юм бэ.
Ажлаа хугацаандаа гүйцэтгэж чадаагүй компанийн балгаар Баянзүрх дүүргийн ихэнх хорооны иргэд халуун усгүй зуссан ч яг хэзээ халуун ус ирэх нь мөн л тодорхойгүй байна. 21-р зуунд хотол олноо халуун усгүй 3 сар байлгаж чаддаг эрэлхэг монголын иргэд юм даа бид.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ