"Надтай хамаатай хүн яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө"

АТГ-аас өчигдөр Эрчим хүчний яам 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулсан байна хэмээн мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би өнөөдөр АТГ руу бичиг явуулж байгаа. Хэрвээ мэдэгдэлдээ миний нэрийг дурдсан байвал тэр улсуудтай хариуцлага ярина.
АТГ-аас өнгөрсөн оны эхэнд манай яаманд мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэл нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компанийн тухай байсан. Эдгээр компаниуд дотроос ажил авсан юм байна гэж би ойлгож байгаа.
Асуудлыг надтай холбох гэсэн оролдлого их гарч байгаа. Миний төрлүүдээс, миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Өмнө нь ч миний хоёр дүүг дарга болчихлоо гэх мэдээлэл гарч л байсан. Нэг сонин дээр нэлээд гүтгэлэгийн шинжтэй материал гарсан учраас би өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэр хэвлэлийг хуулийн байгууллагад нь өгсөн. Энэ салбараас цалин авчихаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг би үгүйсгэхгүй. Тийм зүйл болсон юм шиг байна.
Миний зүгээс АТГ-т шалгагдаж байгаа хүн яаманд байхгүй гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ-3-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. ТЭЦ-3-аас авсан бол зөрчил мөн.
Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд нэлээн дээр хандсан. Тэр хүмүүс ажлаа хийгээд явж л байгаа. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захирлтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг. Миний саналыг огт авч хэлэлцэхгүй хэдэн сар болж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ