Сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийнэ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулж Глоб Интернэшнл төвөөс сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийхээр болжээ. Тодруулбал тус төвөөс хэрэгжүүлж буй “GSP+механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрийн эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх аж.
Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж буй дарамт шахалт, заналхийлэл, хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулах юм байна. Сэтгүүлчдийн аюулгүй байдалд хийсэн мониторингийн үр дүнг ирэх арваннэгдүгээр сарын 2-нд олон нийтэд мэдээлэх аж.
Глоб Интернэшнл төвөөс гаргасан судалгаагаар 2017 оны тавдугаар сараас хойш нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах 182 удаагийн сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол бүртгэгджээ. Мөн 2006 оноос хойш монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан 701 удаагийн тохиолдлыг бүртгэсэн, 2009 оноос хойш дээрх тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсан байна.
Энэ тухай Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан хэлэхдээ, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрхийн тухай агуулгыг хуульчдад зөв таниулан сурталчлан таниулах нь зүйтэй гэж харж байгаа. Бид хамтын ажиллагааныхаа хүрээнд хэвлэл мэдээллийн эрхзүйгээр мэргэшсэн хуульчдыг бэлтгээд эхэлсэн. Цаашид 13 хуульчийг энэ чиглэлээр мэргэшүүлж, сэтгүүлчдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх, тэднийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно” хэмээн онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ