Биет бус өвийг хамгаалах асуудлаар чуулав

Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал өнөөдөр эхэллээ. Энэхүү хурлыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын биет бус өвийн олон улсын мэдээлэл сүлжээний төв, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран зохион байгуулж байгаа юм.

“Соёлын биет бус өв боловсролд: Албан ба албан бус боловсролоор дамжуулан соёлын биет бус өвийг хөхиүлэн дэмжих хамтын ажиллагаа” нэртэй энэхүү хурлын зорилго нь соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ хэрхэн таниулах болон улс орнууд өв соёлоо хамгаалж, хадгалах туршлагаа хуваалцахад оршиж байгаа ажээ.

Өв соёлоо хадгалан хамгаалахад боловсролын систем маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралд оролцогчид онцолж байлаа. Тиймээс боловсролын программд энэ талаар тодорхой тусгаж, хүүхэд багачууд, залууст биет бус өв гэдэг ойлголтыг таниулснаар тэдгээрийг хадгалан үлдэх, судлах, таньж тогтоох боломжтой гэдгийг мөн онцолж байна.

Биет бус өвийг хамгаалах асуудлаар Зүүн хойд Азийнхан чуулж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Төв Азийн цээжинд орших монголчууд бид өв соёлоо хадгалан үлдсэн ард түмэн. Үүний нэг тод жишээ нь эцэг дээдэс, өнө эртний үеэс өвлөгдөн ирсэн нүүдэлчин соёл юм. Биет бус өвийг таниулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж, долоон сургуулийн сурагчдад биет бус өвийн талаархи мэдлэг, ойлголт, хайрлан хамгаалах тухай хичээлээс гадуурхи сургалт хийсэн нь үр дүнтэй болсон.

Цаашид өв соёлоо хэрхэн хайрлан хамгаалах, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх асуудлыг ерөнхий боловсролын программд тусгах тухай ярина. Сургалтад оруулахдаа бие бус өв соёл гэдэг нь чухам юу вэ гэдгийг таньж мэдүүлэхэд анхаарах ёстой” хэмээн онцоллоо. Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүс нутгийн хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ