Г.Уянга: Харилцаа гэдэг бол ойлголцол юм

“Интерном” номын дэлгүүрт саяхан нэгэн сонирхолтой нэртэй номын нээлт болж олны анхаарлыг татсан юм. “Бид нэг хэлээр харилцдаг уу” хэмээх өвөрмөц нэртэй номын зохиогчтой цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулах уу?
Намайг Ганбаатарын Уянга гэдэг. СЭЗИС-ийн ахлах багш.
-Сонирхолтой санагдлаа л даа. Чухам яагаад номондоо ийм нэр өгөх болсон бэ?
-Бид хэдийгээр Монгол хэл гэх нэг хэлээр ярилцаад байдаг боловч ойлголцох тал дээр асуудалтай байдаг. Тийм л учраас “намайг буруу ойлголоо”, “мушгиж гуйвууллаа” гэх мэт гомдлууд ихээхэн сонсогддог. Амнаас чинь гарсан үг болгон нөгөө хүний толгойд яг таны бодож ойлгуулъя гэсэн шиг бууж байгаа эсэх маш эргэлзээтэй юм. Тэгэхээр ойлголцоно гэдэг бол ярьж буй зүйлийнхээ талаар харилцаж байгаа хүмүүс нэг зураглалыг бий болгоно гэсэн үг юм.
-Харилцаж байгаа хүндээ тааруулна гэсэн үг үү?
-Тааруулна гэхээсээ илүүтэй яах гэж харилцаж, ярьж байгаагаа эхлээд сайтар ухамсарлах хэрэгтэй. Тэгээд зорилгодоо хүр. Ингэхдээ мэдлэгээр дамжуул л гэсэн үг л дээ. Мэдлэгээ сайн ашигладаг байж л “харилцаа” чинь таны эрдэм болно шүү дээ.
-Тэр болгон хүнд бүхэнд тааруулна гэдэг хэцүү биш үү?
-Тиймээ. Тийм учраас “харилцах” гэдэг бол “Хариуцлага” юм. Намайг ойлгосонгүй гэхийн оронд, ойлгуулахын тулд би ямар хүчин чармайлт гаргасан бэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Үгээ сонго, биеийн хэлэмжээ анхаар, харилцаж байгаа хүнтэйгээ ямар харилцаатай болох талаар ухамсарлах хэрэгтэй.
-Найз нөхөд, эргэн тойрондоо байнга ингэж бодож ярилцана гэхээр бидний харилцаа “худлаа ” болох юм биш биз?
-Энд бид “бие хүн”-ий тухайд ярилцаж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл ажлын байранд, нийгмийн харилцаанд тодорхой зорилготой оролцож байгаа хүний тухайд юм. Гэртээ, гал тогоондоо байгаа юм шиг биеэ авч явж болохгүй. Энийг л бид “иргэн” байх гэж нэрлээд байгаа юм. Нөгөө талаар ухамсарлалгүй толгойд орж ирсэн мэдрэмжээ хамаагүй цацсанаар бид хамгийн хайртай хүмүүсээ гомдоодог. Тиймээс хувь хүнийхээ түвшинд гэртээ ч гэсэн харилцагч талаа сайтар мэдэрч, хайрлаж бас хүндэтгэж харилцах хэрэгтэй болов уу.
-“Иргэн байх” гэж та сая хэллээ. Энэ тухайд жаахан тодруулаач..?
-Их хотод, ажлын байранд гэх мэт бие хүний харилцаа зайлшгүй явагдах шаардлагатай нөхцөл байдал нь хөдөөд байгаа бүгд бие биенээ таньдаг багахан суурингаас ялгаатай “харилцаа”-г шаарддаг. Гэтэл өнөөдөр яг гэртээ, эсвэл хамаатан садны холбоо ихтэй жижиг сууринд байнга харьцдаг шигээ харилцаад байна. Таны хэлж байгаа “үг”- ийг харилцаж байгаа хүн чинь таны бодсон шиг ойлгоод байна гэж үзээд байна. Үгүй ээ, таны хэлэх гээд байгаа санааг нөгөө харилцагч яг таных шиг, эсвэл байнга харилцаад сурчихсан хэн нэгэн шиг чинь ойлгох албагүй. Харилцаж байгаа хүн чинь өөрийн ертөнцийг үзэх үзлээр л хүртэж ойлгож байгаа. Тиймээс өөрийн санааг “ойлгуулах” нь таны үүрэг. Нөгөө тал ойлгоогүй бол, “ойлгуулж” чадаагүй байна гэдэг нь таны л асуудал болж байна гэсэн үг болж байгаа биз. Тиймээс “Иргэн” байхын тулд хэлж байгаа үгээ, биеэ авч явж байгаагаа байнга анхаарч цэгнэх ёстой гэсэн үг л дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ