"Прокурорын байгууллага хүн хөнөөсөн этгээдийг илт өмөөрч байна" гэв


Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тэдний амь насыг хохироосон гэх жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Амиа алдсан бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий "Миний охин 3 сартай хүүхэдтэйгээ, хадам аав ээжтэйгээ өөд болсон. Прокурорын байгууллага дандаа нэг талыг барьж ажиллаж байна. Бүтэн жил машин шахсан Ө.Цэцэгшагдар жолоочийг 14 хүний бүрэлдэхүүнтэй хайгаад гурав хоногийн дотор хайсан. 

Надад энэ хүний нэрийг хэлж болохгүй гэж хэргийг нь шийдэлгүй намайг хүлээлгэж ирсэн. Дүгнэлт үргэлж Ө.Цэцэгшагдарын талд гардаг. Ө.Цэцэгшагдар дөнгөж осол гаргасны дараа эхнэр нь болох хүн "Би чамд хэлсэн биз дээ, хүн алчихлаа шдээ" гэж орилж байсан гэдгийг гэрчүүд хэлж байгаа юм. Гэтэл машин шатаад эхлэхээр нь зугтаад суварга тойроод уул давсан гэсэн. Ийм сэжигтэй хэргийг нуун дарагдуулж байна. 

Прокурор хэргийг хаана гэсээр байгаад надтай ч зөвлөлдөөгүй хаасан. н.Оюунцэцэг прокурор Ө.Цэцэгшагдарыг нэг өдөр түгжээд дараа нь сулласан. Түүнийг хэрэг хийсэн гэж үзэхгүй гээд хэргийг хаасан" гэлээ. 

Мөн тэрээр "Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, "Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш" гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч болон Ө.Цэцэгшагдар хоёрын мэдүүлэг зөрдөг. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ