НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо
Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Тэргүүлэгч С.Мөнхчулуун, П.Баярхүү, Ц.Байгалмаа, Б.Цолмон, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Н.Батсүмбэрэл нар тэргүүлэгчдийн хуралд оролцлоо. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй албаны төлөөлөл оролцон холбогдох асуудлуудыг Тэргүүлэгчдэд танилцууллаа.
Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох тухай, Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2018 оны Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсвийн төслийг танилцууллаа.
Хуралдаанаар 2017 оны төсвийн давсан орлогыг 2018 оны санхүүгийн жилд шилжүүлж, шаардлагатай зүйлүүдэд хөрөнгө оруулалтыг хийх асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбоотойгоор 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн 16 хорооны “Мандам” өрхийн эмнэлгийн барилгыг НӨХГ-ын балансад шилжүүлэх асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулж 2017 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдсан 240 хүүхдийн ортой 46-р цэцэрлэг, мөн тус дүүргийн 2-р хороонд байрлах 72-р цэцэрлэгийн байр, дагалдах эд хөрөнгө, Налайх дүүргийн 2-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2018 оны 09-р сарын 14-ний Баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл, Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг батлах тухай хэлэлцэхээр тогтов.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан “Нийслэл хотод явуулах гэж буй худалдаа үйлчилгээ, нийтийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор иргэдээс янз бүрийн санал гомдлууд гаргаж, жагсаал цуглаан хийсэн. НИТХ, ЗДТГ энэ асуудлыг шийдэхгүй байна гэсэн асуудлууд яригдаж байна. Иргэд болон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн хоёр талын эрх ашгийн асуудал үүний цаана байгаа тул бүх талын хамтын оролцоог хангаж, хамгийн эхэнд холбогдох журмыг гаргах ёстой. Хуульзүйн талаасаа Зөрчлийн тухай хууль, Захиргааны хуультай зөрчилдсөн зүйл их бий. Тийм учраас холбогдох хуулийнх нь зүйл заалттай уялдуулж Нийслэлийн худалдаа үйлчилгээний журмыг даруй хэлэлцэн шийдэлд хүрэх шаардлагатай учир ээлжит бус хуралдаан зарлаж байна” гэв.
Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгч С.Мөнхчулуун “Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг дэмжиж байна. Худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг бид иргэдийн хурал дээрээ хэлэлцэн сайжруулах асуудал байвал хэлэлцээд явах нь зүйтэй. Цаг хугацаа алдалгүй илүү сайжруулах хэрэгтэй” гэлээ.
Хуралдаанаар нийслэл хотод хөшөө байршуулах асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн ч ирүүлсэн материал нь хангалттгүй байна гэж үзээд буцаалаа.
Төрийн шагналд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 135 иргэнийг тодорхойлсон тогтоолын төслийг Тэргүүлэгчид дэмжиж Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар боллоо.
Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох асуудлаар Тэргүүлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараагаар "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТГҮГ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр П.Баярхүү /Нийслэлийн засаг даргын Дэд бүтэцц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч/, Ц.Байгалмаа /НИТХ-ын Тэргүүлэгч/, Ц.Мягмар /Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга/, А.Даваажаргал /НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга/, Б.Адьяа /НӨХГ-ын өмчийн төлөөлөл, менежмент хувьчлалын хэлстийн мэргэжилтэн/ нарын нэрийг батлан, эдгээр хүмүүстэй холбогдох материалыг бүрдүүлэн АТГ-руу явуулахыг үүрэг болгосон бол "Олон улсын худалдаа, ложистикийн төв" хаалттай хувьцаат компанийн УЗ-ийн хараат бус гишүүнээр иргэн Түмэнжаргалын Дүүрэн, Шагдарын Алтанчимэг, Очирын Нарангэрэл нарын нэрийг батламжилснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
НИТХ-ын ХМОНХТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ