Дархан-Уул аймгаас таван настай охиныг хулгайлсан хэрэгт П.Батсуурь гэх эмэгтэйг шалгаж байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн “Ширээ нурууны нутаг” гэх газраас энэ сарын 18-нд таван настай охин ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ. Охины ар гэрийнхэн Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст анх мэдээлэл өгөхдөө “Таван настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад гэнэт алга болчихлоо. Энэ хавиар хайсан боловч олдохгүй байна” гэжээ. Тус аймгийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газрын алба хаагчид охиныг эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн байна. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан болон орон нутгийн иргэд, цагдаагийнхан нийлсэн 112 хүн эрэн хайх ажиллагаанд оролцжээ. Эрлийн багийнхан Ширээ нурууны нутаг, Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 километр газарт самналт хийсэн байна. Охины ар гэрийнхэн “Манай охин голд очиж тоглох дуртай. Энэ жил Хараа гол ус ихтэй байгаа. Голд тоглож байгаад живсэн байж болзошгүй” гэх утга бүхий мэдээлэл өгсөн учир голын эрэг дагуу самналт хийсэн байна. Гэвч цагдаагийнхан удалгүй охиныг 37 настай П.Батсуурь гэх эмэгтэй хулгайлсан байж болзошгүй хэмээн сэжиглэн шаглаж, тогтоосон байна. Улмаар Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид гэмт хэрэгтнийг Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт охиныг дагуулаад явж байхад нь баривчилжээ.
Хан-Уул дүүргийн V хороонд оршин суух хаягтай П.Батсуурийг ямар зорилгоор таван настай хүүхдийг хулгайлсан болохыг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Гэмт хэрэгтэн “Охинтой болох гэж дандаа боддог. Ингээд Дархан хотод очсон. Гэрийнхээ хашааны гадаа тоглож байгаа хүүхдийг дагуулж явсан. Охиныг Дархан хотоос Улаанбаатар хотод авчирсан. Ингээд гэртээ авчраад хамт амьдарч байсан юм” гэх утга бүхий мэдээлэл өгсөн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр охиныг зодож гэмтээсэн зүйл байхгүй аж. Хүүхэд хулгайлсан хэрэгт шалгагдаж байгаа П.Батсуурьт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “Хүн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг хуулийн заалттай ажээ.
13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах
1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны тав дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.Хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.Хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;
2.3.Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх зүйл заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Хэргийг шалгаж байгаа цагдаа нар “П.Батсуурийг ямар зорилготойгоор Дархан-Уул аймагт очиж таван настай охиныг хулгайлсан болохыг тогтоохоор ажиллаж байна. Бага насны хүүхэд хил давуулан худалдаалдаг гэмт бүлэглэл түүний ард байгаа эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж байна. Мөн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдийг сэтгэцийн хувьд эрүүл саруул эсэхийг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагатай байгаа. Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хандаад байгаа. Удахгүй хариу гарах байх” хэмээн мэдэгдэв.
Алга болсон охины ар гэрийнхэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-Гэмт хэрэгтэн танай охиныг юу гэж хуурч мэхлэн Улаанбаатар хот руу авч явсан гэж байна вэ?
-Охин маань энэ сарын 18-ны 16:00 цагийн орчимд гэрийнхээ гадаа тоглож байгаад гэнэт алга болчихсон. Бид хайсан боловч олоогүй. Онцгой байдлын алба хаагчид цагдаа нарын бүрэлдэхүүнтэйгээр гурван өдрийн турш эрэн хайсан. Бид охиноо голын усанд тоглож байгаад л осолдчихлоо гэж бодсон. Бидний санаанд хулгайлаад аваад явчихлаа гэж огт бодогдоогүй. Манай Дархан-Уул аймгийн хувьд бүрэн камержуулалт хийгдсэн. Тиймээс гэмт хэрэг эрс буурчихсан. Өмнө нь хүүхэд хулгайлсан хэрэг огт гарч байгаагүй. Хэдэн жилийн өмнө телевизийн захирал залуу их хэмжээний мөнгөний өрөнд ороод хамаатныхаа хүүхдийг барьцаалсан хэрэг гарч байсан. Бид охиноо эсэн мэнд олдсонд баяртай байна. Цагдаа нарт баярлалаа гэж хэлмээр байна. Миний охиныг “Чихэр өгнө. Хотод аваачиж гоё юм үзүүлнэ” гэж хуураад аваад явсан гэсэн.
-Ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлсэн зүйл байгаа юу?
-Одоогоор тэр эгч загнасан гэхээс өөр зүйл ярихгүй байгаа. Хаагуур авч явсан, ямар зорилготойгоор хүүхэд хулгайлсан бэ гэдгийг цагдаа нар тогтоох байх. Биед нь бэртэл гэмтэл учруулж, зодож нүдсэн зүйл алга байна лээ гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ