Агаарын бохирдол оюуны чадварыг бууруулдаг

Том хотуудын агаарын бохирдол дэлхий нийтийн шинжтэй асуудал юм. Агаарын бохирдол хүмүүсийн оюуны чадварт хэрхэн нөлөөлдөгийг олон улсын эрдэмтдийн баг анх удаа судласныг “Focus” сэтгүүлд мэдээлжээ.
Америкийн эрдэм шинжилгээний “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны хүрээнд эрдэмтэд 2010-аас 2014 онд цуглуулсан 20 мянган хятад хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийснийг сэтгүүлд дурдсан байна.
Хятадын засгийн газрын даалгаснаар эрдэмтэд судалгаанд хамрагдагсдын дунд хэлний болон математикийн мэдлэгийн тест тогтмол явуулжээ. Судлаачид тестийн дүнг туршилтад оролцогчдын аж төрж байсан нутгийн агаарын бохирдлын хэмжээтэй харьцуулсан байна. Хэдийгээр дүн шинжилгээ хийхэд насжилт болон бусад гаднын нөхцөл байдлаас болоод оюуны чадвар буурдагийг харгалзан үзсэн ч, бохирдсон агаарын нөлөө асар их байжээ.
Йелийн их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн шинжээч Кси Ченийн хэлснээр, агаарын бохирдолт хүмүүсийн боловсролын түвшинг нэг жилээр бууруулдаг байна. Ингэхдээ бохирдсон агаар 64-өөс дээш насны хүмүүст, ялангуяа эрэгтэйчүүд болон боловсролын түвшин багатай хүмүүст илүү хүчтэй нөлөөлдөг бөгөөд энэ хоёр бүлэг хүмүүсийн хувьд боловсролын түвшингийн бууралт нэлээд хэдэн жилтэй тэнцүү байлаа гэж өгүүлэлд дурдсан байна.
Хүмүүс экологийн муу нөхцөлд удаан хугацаагаар аж төрөх тусам тэдний оюун ухаанд их хохирол учирдагийг судалгаа харуулжээ. Ингэхдээ агаарын бохирдол математикийн гэхээсээ хэлний чадварт илүүтэй нөлөөлж, харин эрэгтэй хүний тархи эмэгтэйгийнхийг бодвол, экологийн муу нөхцлийн нөлөөнд илүүтэй өртдөг байна.
Гонконгийн политехникийн их сургуулийн мэргэжилтэн Деррик Хо-гийн хэлснээр, исэлдэлтийн стресс, мэдрэлийн үрэвсэл болон мэдрэлийн өвчний илрэл агаарын бохирдолтой холбоотой байж болох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ