Хүүхдүүд маань будагны үнэр, засварын ажил дунд хичээллэж эхлэхүү?

 

Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан хоног үлдээд байна. Гэтэл зарим сургуулийн засварын ажил улсын баяр наадмаас хойш эхлэсэн, төсөв мөнгө нь саяхан шийдэгдсэн гэх мэдээлэл эцэг, эхчүүдийн болон багш нарын санааг зовоогоод байна. Учир нь хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд тоос шороо нь бужигнаад, будагных нь үнэр хүүхдүүдийг тавгүйтүүлж, толгойг өвтгөхөөс эхлээд тав тухгүй орчинд хичээллэх нь зарим сургуулиудад байдаг л үзэгдэл мэт. Мөн засвар хийх зарим ажлын гэрээ нь  наймдугаар сарын эхээр батлагдаж, төсөв мөнгө нь саяхан шийдэгдсэн сургууль, цэцэрлэг цөөнгүй байна. Тиймээс үлдэж буй  хоногт сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил амжиж дуусах уу. Сургууль, цэцэрлэггүй, спорт заалгүй хороо, дүүргийн хүүхдүүд энэ хичээлийн жилд хаана хичээллэх вэ.


Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн засварын ажил дунджаар 50-70 орчим хувьтай байгаа аж. Засварын ажлыг гэрээнд заасны дагуу наймдугаар сарын 20-25-ны хооронд хүлээн авч амжина гэж тооцоолсон гэх. Гэтэл одоог хүртэл засварын ажил нь дуусаагүй олон сургуулиуд байна. Улаанбаатарт нийт 110 сургууль, 170 цэцэрлэг байдаг. Тэгвэл энэ хичээлийн жилд 50 орчим хувьд нь засвар хийгдэж байгаа ажээ.  Баянгол болон Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахад ихэнх сургуулиуд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд тааруулаад хэсэгчилсэн засварыг хийж байгаа аж.


Сүүлийн жилүүдэд энд, тэнд сургууль барьж байгаа ч шинээр сургуульд орох зургаан настнуудын тоо дагаад өсч байгааг боловсролын салбарынхан хэлдэг. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болсоор удаж буй. Тиймээс энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоо цөөрөх үү гэсэн асуултад хариулт нэхэх хүмүүс олон байна. Харамсалтай нь, энэ хичээлийн жилд энэ асуул­тад өгөх таатай хариулт олдсонгүй.   

 Тухайл­бал, өнгөрсөн хичээ­лийн жилд 27 сургууль гурван ээлжтэй эхэлж байсан бол өнгөрсөн хавар энэ тоо  22 болж буурсан гэдгийг  БСШУСЯ-ныхан хэлж байсан. Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 23, 24, 5, 50, 1 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж. Энэ бүхнээс үзэхэд зарим сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 2019 онд ч гэсэн үргэлжлэх бололтой.


Баянзүрх дүүрэгт л гэхэд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд асуудал үүсээд байгаа аж. Тухайлбал, 126 дугаар сургуулийн барилга угсралтын ажил долоон жил царцсан хэвээр байгаа гэнэ. Мөн  88 дугаар сургууль спортын заалгүй, 40 дүгээр яслийн дээвэр, шаланд нь нуралт үүсчихсэн тул тус барилгыг буулга гэдэг дүгнэлтийг МХЕГ 2010 оноос хойш гурван удаа дүгнэлт гаргасан ч үйл ажиллагаа явуулсаар байна. Ямартай ч хичээл эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Сургууль цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн үү? Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ.  


Г.Хулан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ