"Ж.Цолмон АШУҮИС-д МАН-ын томилгоо хийхээ зогсоо" гэв

АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр өглөө боллоо. Тус нээлтийн үеэр АШУҮИС-ийн захирлын томилгоог эсэргүүцэн зарим багш нар эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Сургуулийн түр орлон захирлаар Эрүүл мэндийн сайд асан Ж.Цолмонг томилоод байгаа аж. Уг шийдвэрийг хууль бус, журмын дагуу хийгдээгүй томилгоо хэмээн зарим багш нээлтийн үеэр уриа, лоозон барьж эсэргүүцлээ илэрхийллээ.
АШУҮИС-ийн багш нар ажилчдын хөдөлмөрлөх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг явуулах зорилгоор “АШУҮИС-ийн Тогтвортой Хөгжил Үйлдвэрчний Эвлэлийн хороо”-г тэд байгуулж буйгаа гэрчилгээн хамтаар мэдэгдсэн юм. Тус Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Монголын багш нарын ҮЭХ-ны бүрэн эрхт гишүүн болжээ.
АШУҮИС-ийн Тогтвортой Хөгжил Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн "Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын буюу томилгоог хууль журмын дагуу ажиллахыг бид БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаад хүсэлт илгээн энэ сарын 30-ныг буюу өчигдрийг хүртэл хариу хүлээсэн. Гэвч бидэнд хариу ирээгүй. Бид мэдэгдэл, мэдээллийг бусдадаа өгөх багш ажилчдын дунд байдаг цахим шууданг маань хүртэл хаачихсан (утсан дээрээ үзүүлэв), зөвхөн өөрт ашигтай мэдээллээ цахим шуудангаар явуулах боломжтой болгочихсон. Олон багшийг хооронд нь хагаралдуулаад байгааг зогсоогооч хэмээн хүсч байна. Эдгээр хүмүүс тайлбараа өгөн өгтөл нь бид зохих хууль ёсны байгууллагуудаар явах болно, тэмцэнэ. Зөвхөн тогтоол журмаа дагаад л сонгон шалгаруулалтаа явуул, түүний дараа Ж.Цолмон гараад ирвэл бид хүлээгээд л авна. Зохих ёс журмын дагуу сонгон шалгаруулалт явагдвал бид хэн ч байсан хүлээн авна. Одоогоор ажлын чиг үүргийг нь шилжүүлсэн найман багш бий" гэв.
Тэд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмонг тус сургуульд хийсэн багш нарын олон шилжүүлэг томилгоо, хамт олон багш ажилчдын дунд үүсээд буй үйл ойлголцлыг тайлбарлахыг хүссэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ