Удтал хүлээсэн хичээл эхэлж, улсын хилээр нүүрс алдагдсан нь тодорхой болсон 7 хоног

Өнгөрөгч долоо хоногт улс төрийн болон нийгмийн амьдралд болж өнгөрсөн зүйлсийг тоймлон хүргэж байна.

Улстөрд

Ж.Батзандан гишүүн Ерөнхий сайдад асуулга тавив 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

Н.Цэрэнбат: АТГ улстөрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн   

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг яамны төсвөөс завшсан гэх утга бүхий мэдээллийг Авлигатай тэмцэх газраас /АТГ/ өгсөн. Харин энэ асуудалд Н.Цэрэнбат сайд няцаалт хийлээ. Тэрбээр “Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Би бол улстөрийн зорилготойгоор мэдэгдэл хийсэн гэж харж байна. АТГ-ын шалгалт хууль журмынхаа дагуу явагдах байх” гэв.

“Сү.Батболд хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй болго” гэв 

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс Сү.Батболд гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгч буй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис" кино театр, "Алтай" констракшин, "Алтай" групп, "Чингис" зочид буудал, "Скай" их дэлгүүр, "Стар" телевиз, "Скайтел" зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв. Түүнчлэн Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй өгөхийг хүсэв. 

Л.Энхболд: МУ-ын хилээр эх үүсвэргүй 340 мянган тонн нүүрс гарсан байна 


УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой”-н хулгайд алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр МХЕГ-ын дүгнэлтээс харахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш харин 340 мянган тонн нүүрс алга болжээ гэдгийг тогтоосон байна. Мөнгөн дүнгээр тооцож үзвэл 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө монголын ард түмний халааснаас алга болсон байна.


ГЕГ-аас гаргасан дүгнэлтээс харахад “Тавантолгой Транс” гэх компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүй хилээр нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл аль нэг аж ахуй нэгжээс худалдаж авсан гэх санхүүгийн баримт байхгүй байна. Одоо хэн буруутай, хэн алга болсон нүүрсний үүнийг төлөх ёстой вэ гэдгийг хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтоох үлдлээ” гэв. 

 

Нийгэмд

Таван их сургуулийг нэгтгэж, таван сургуулийг хаажээ 


2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 96 их сургуульд 155 мянган оюутан суралцсан байна. Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 32 их сургууль байсны 27 нь магадлан итгэмжлэлийн батламжаа авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болжээ. Түүнчлэн өнгөрсөн хичээлийн жилд 18 их сургуульд хяналт шалгалт хийсэн аж.

 Шалгалтаар таван сургуулийг бусад сургуультай нэгтгэх, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргажээ. Сүүлийн жилд сургалтын үйл ажиллагаа алдагдсан, элсэгчдийн тоо буурсан, багшийн хүрэлцээ тааруу, орчин нөхцөл нь шаардлага хангаагүй зэрэг шалтгаан үүссэн юм.


"Прокурорын байгууллага 7 хүний амийг хохироосон хүнийг өмөөрч байна"  

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тэдний амь насыг хохироосон гэх жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж ар гэрээс нь мэдээлэл хийлээ. Амиа алдсан бүсгүйн ээж Ц.Бат-Өлзий Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, "Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш" гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна" гэв. 

                                                                                                                     

Дэлхийд


Маккейны оршуулгад Трампыг ирэхийг зөвшөөрсөнгүй

 

Тархины хавдраар нас барсан АНУ-ын сенатч Жон Маккейны төрөл төрөгсөд төрийн тэргүүн Дональд Трампыг оршуулгад ирэхгүй байхыг хүсчээ гэж телевизийн СNN агентлаг мэдээлсэн байна. Сүүлчийн удаа хандаж үг хэлэхийг л түүнээс хүсчээ. Маккейны гэр бүлийнхэн Барак Обама, Жорж Буш нарт хандан мөн ингэж хүссэн байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, сенатч өөрийг нь хэрхэн оршуулвал зохилтойг аль эрт төлөвлөж, Трампыг тэнд ирүүлэхгүй байхыг хүсчээ.

Путин тэтгэврийн шинэтгэлийг өөрчилж байгаагаа зарлав   

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тэтгэврийн шинэтгэлийг өөрчилж байгаагаа зарлажээ. "Эрх баригчид анхны төсөлд эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 63 байсныг шинэ хувилбараар 60 болгох бодолтой байна" гэж иргэдэд хандаж ингэж мэдэгджээ.  Түүний хэлсэн үг бүрэн эхээрээ Кремлийн сайтад тавигдсан байна. Орос улс 90-ээд оны хүн ам зүйн байдлын үр дагавартай тулгарч байна. Үүнийг аугаа их эх орны дайны үеийн хүн ам зүйн асуудалтай харьцуулж болох юм. Ингэхдээ тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах мөнгө төсөвт хангалттай бий” гэжээ.

ФИФА-ийн дэд ерөнхийлөгч асан Хуан Анхель Напоута 9 жилийн ял сонсов 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) дэд ерөнхийлөгч асан Хуан Анхель Напоутакт хахууль авсан хэргээр шүүхээс есөн жил хорих ял оноожээ. 30 гаруй гэрчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн ийм ял оноосон байна. Блумберг агентлагийн уламжилснаар Напоута 2010 оноос 2016 онд доод тал нь 10,5 сая еврогийн (28 гаруй тэрбум төгрөг) хахууль авчээ.  


Г.Хулан


 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ