Есдүгээр сарын сүүлчээр сэрүүсч, цочир хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас 2018 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцөлийг танилцуулав.
Улаанбуудай
Есдүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч, тариалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтэрч шөнөдөө хасах градуст орно.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр болон дунд үеэр нь зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу.
Наймдугаар сарын 20-ны байдлаар улаанбуудайн ургалтын байдал Хэнтийн Гурванбаянд дунд, бусад нутгаар хэвийн үнэлгээтэй байна. Увс, Хэнтий, Дорнод болон Сэлэнгийн хойд хэсгээр сүүн бололт, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсөглийн нутгаар аарцан бололтын үе шатанд орсон. Тариалан бүхий ихэнх нутгаар 80-89 см, Булганы Ингэттолгой, Сэлэнгийн Баруунхараа, Дорнодын Халхголд 55-69 см өндөр ургасан мэдээтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар ургацын бүрдэц тодорхойлсон мэдээнээс үзэхэд нь 7,8-10,9 ц/га хурааж авахаар төлөвтэй байна. Аарцан бололтонд орсон нутгаар энэ сарын сүүлчээр ангилан хаталт хийж эхлэх боломжтой.
Төмс
Зургаадугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр 10.2 мянган га-д төмс тариалсан. Энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.7 мянган га талбайгаар буурчээ.
Наймдугаар сарын 20-ны байдлаар ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шатанд орсон. Ховд, Архангай, Дорнодын төмс тариалсан нутгаар 34-49 см, бусад нутгаар 52-72 см өндөр ургасан мэдээтэй байна.
Булцууны өсөлт тодорхойлсон мэдээнээс авч үзэхэд 118,4-142,8 ц/га ургац авахаар байна. Төмсний ургалтын байдал Дорнодын Баян-Уулд дунд, бусад нутгаар сайн болон онц үнэлгээтэй байна.
Төмс хүнсний ногоо хураах ажил эхэлсэн, үр тариа хувьд уринш боловсруулах ажил голчлон хийж байна.
2018 оны 9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ТАНЫ АНХААРАЛД
Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага "Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.
Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газарт 3 хоногийн дотор ирүүлнэ.
Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газрын Уьдчилан мэдээлэх хэлтсийн 326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтэст хаяглан ирүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ