МУГТ П.Орхон алтан медалиа хураалгах уу

Энэ сарын 18-нд Индонезийн Жакарта хотноо Азийн XVII зуны спортын наадам эхэлсэн. Тус наадамд өнөөдөр 13 дах өдрөө үргэлжлэн явагдаж байна. Наадамд 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянган тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас 30 төрөлд 270 гаруй тамирчин оролцож, өрсөлдөж байна. Өнөөдрийн байдлаар нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдээд байна.
Гэвч Монголын тамирчнаас допинг илэрч, алтан медалиа хураалгах магадлалтай байна гэх мэдээ цацагдаад байна. Азийн XVII зуны спортын наадмаас манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд П.Орхон, буудлагын төрөлд Г.Нандинзаяа, самбо бөхийн 48 кг-ийн жинд Г.Наранцэцэг нар алтан медаль хүртээд байгаа.
Алтан медаль авсан эдгээр дөрвөн тамирчны хэн нь допингийн шинжилгээнд бүдэрсэн нь тодорхойгүй байсан. Өнөөдрөөс спортын хүрээнийхний дунд чөлөөт бөхийн тамирчин МУГТ П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдсан байж магадгүй байна гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ асуудлаар МЧБХ, Азийн допингийн холбоотой видео хурал хийсэн аж. Гэхдээ одоогоор тус холбооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.
Азийн допингийн холбоо П.Орхонг допин хэрэглэсэн хэмээн алтан медалийг нь хурааж авбал цаашид гурван жил ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасах магадлал тун өндөр байгаа аж. Хэрэв ийм шийдвэр гарвал түүнд 2020 оны зуны олимп хаалттай гэсэн үг. Тэрбээр энэ жил 25 настай Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм.
М.Амаржаргал
Эх сурвалж: Medee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ