Нийслэлийн 70-аад сургууль ажил хаяхаа мэдэгдсэн ч , 12 сургууль ажил хаяж эхлээд байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт багш нар есдүгээр сарын 3-ны өдөр ажил хаяна хэмээн мэдээлэв. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тэргүүтэй тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар цалин нэмэхгүй бол ажил хаяна хэмээн тэмцэж байгаа багш нарын төлөөлөлтэй уулзсан юм. Салбарын сайд нь Засгийн газраас багш нарын үндсэн цалин дээр 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ. Нэмэгдлийн санхүүжилт есдүгээр сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно хэмээж, ажил хаялтаа хойшлуулахыг учирласан. 

Гэвч сайдтай уулзсаныхаа дараа Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт хуралдаж, цалингаа нэмүүлэх тухай гурван шаардлагыг биелүүлэхээс нааш ажилдаа явахгүй байх шийдвэрт хүрсэн байна. 

Есдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн 70 орчим сургууль, 87 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн хэмээн тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөө өглөө мэдээлэв. Сүүлд авсан мэдээллээр одоогоор н
ийслэлийн хэмжээнд нийт 12 Ерөнхий боловсролын сургууль ажил хаяж байгаа талаар БСШУСЯ-наас мэдээлэв. 

Ажил хаялтад :Баянгол дүүргийн 93 -р сургууль , Эрдмийн өргөө , Баянзүрх дүүргийн  79,92,97,102 , Амгалангийн сургуулиуд , Хан-Уул дүүргээс 18,26,34,41,114 дүгээр сургуулиуд оролцож байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” сургууль 40 хувийн ажил хаялттай байгаа аж. Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтын талаар мэдээлэл хийх тов зарлаад буй. Харин салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.

АЖИЛ ХАЯЛТАД ТАВИГДАЖ БУЙ ШААРДЛАГУУД

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос  хугацаагүй ажил хаялтын хүрээнд Засгийн газарт хандан, нийт дөрвөн шаардлага тавиад буй. Үүнд, 

НЭГ:2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018.09.01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

ХОЁР:2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн урамшууллыг 2018.10.01-ний өдрөөс олгох

ГУРАВ:2019.01.01-ний өдрөөс  боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

ДӨРӨВ: Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэллэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт зарлахад хүрсэн тул ажил хаялтад оролцох ажилчдын цалин хөлсийг  бүрэн олгох гэсэн шаардлагууд багтаж байгаа юм


Г.Хулан




СЭТГЭГДЭЛ БИЧИХ