Ажилчид давуу эрхийн хувьцааны батламжаа гардан авч эхэллээ

“Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн 100 хувь эзэмшлийн охин компани болох “Ачит зэс” ХК-аар дамжуулан өөрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад /хаалттай хүрээнд/зориулан давуу эрхийн хувьцаа гарган эзэмшүүлэх ажиллагааг өнгөрсөн наймдугаар сарын 15-наас албан ёсоор эхэлсэн юм. Энэ хугацаанд ажилчид давуу эрхийн хувьцааны үр өгөөж, ач холбогдолтой танилцаж, хувьцаа худалдан авсан ажилчид хувьцааны батламжаа гардан авч эхлээд байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн ажилчид давуу эрхийн хувьцаатай танилцаж, хамрагдах ажил ид дундаа явагдаж байна.
”Ачит-Ихт” компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж буй давуу эрхийн хувьцаа Монголд анх удаагаа бөгөөд энгийн хувьцаатай харьцуулахад улирал тутам ногдол ашиг хуваарилдаг, ногдол ашгийн хэмжээ нь банкны хугацаатай хадгаламжийн хүүгээс хоёр, хугацаагүй хадгаламжийн хүүгээс дөрөв дахин их давуу талтай юм. Энэ нь бизнесийн салбарт сайн жишиг тогтоож буй ажил хэмээн онцоллоо. Давуу эрхийн хувьцааг ажилчдад эзэмшүүлэх ажиллагааг үнэт цаасны “БидиСек” ХК гүйцэтгэж байна.
“Ачит Ихт” ХХК нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайгаас гарсан хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэлийг явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Тус компани нь Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжээр 2014, 2015, 2016 онд тус тус шалгарч байсан үндэсний томоохон татвар төлөгч бөгөөд өнөөдрийн байдлаар улсад 98 тэрбум төгрөгийн татвар төлж, 200 гаруй иргэнийг ажлын байраар хангаад байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ