Ч.Хүрэлбаатар: Засгийн газарт цалин нэмэх өөр хувилбар байхгүй

Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сарын 1-нээс эхлэн 8-32 хувиар нэмсэн. Засгийн газар багш нарын цалинг 8-14 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ мэдэгдэж, цалингаа 15-50 хувь нэмүүлэх ёстой хэмээн цэцэрлэгийн 33 багш ажил хаялт зарлаад байна. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдрийн байдлаар Засгийн газрын зүгээс ямар арга хэмжээ авч цалин нэмэх эсэх тухайгаа хэлэхдээ "Есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин нэмэх эсэх асуудлыг нэлээн удаан хугацаанд ярилцаж байгаад тодорхой хувиар шийдсэн. Энэ хэмжээнээс илүү нэмэхийн бол өр тавих болно. Өр ямар их хэмжээний дарамт учруулдаг вэ гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа.
Өрийн зээлийн хүү, зээл төлөлт хэцүү. 2012 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүнд л 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгээд Сангийн сайдын ажлаа аваад байхдаа авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөг төлж байсан. Харин Монгол Улсын тэтгэврийн сангийн хэмжээ нийтдээ 1.7 их наяд төгрөг байна. Тэтгэвэр, халамж тэтгэмж бүгд нийлээд 1.7 их наяд төгрөг байхад бараг түүнтэй тэмцэх хэмжээний их мөнгийг зөвхөн авсан зээлийн хүүнд төлж байсан. Энэ их хүүг одоо бууруулж, цэгцлээд явж байна.
Тиймээс Монголын эдийн засгийн бодит байдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Засгийн газарт одоогийн байдлаар дахин цалин нэмэх өөр боломж байхгүй. Бид байгаа бүх боломжоо дайчлаад цалинг нэмээд байна. Одоо цалинг 50 хувиар нэмэх болвол үндсэндээ 1 их наяд төгрөг болно. Тиймээс Засгийн газарт цалин нэмэх боломж байхгүй" гэж мэдэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ