Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг билүү? Ерөнхий сайдаа

Үндэсний бөхчүүд эрхэм гишүүн А.Сүхбат аваргаа зодож гэмтээх хүртлээ эрх мэллийн төлөө тэмцэлдэж, бөхийн өргөөгөө тойрч гороолсон ч өдгөөг хүртэл эе эвдээ орж чадсангүй. Монгол Улсын Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлж байдгийнхаа хувьд хоёр талын байр суурийг сонсож анхааруулж байсан ч тусыг эс олов. Тиймээс энэ удаа бөхийн өргөөгөө Улсын мэдэлд авах хүсэлтэй байгаа саналаа Ерөнхий сайд У. Хүрэлсүхд хүргүүллээ. 1990 оны сүүл үед ард түмний хандиваар барьсан бөхийн өргөөг асар том бялуу мэтээр харж, өөрсдийнхөө эрх мэдэлд авах гэж бөхчүүдийн бүлэглэлүүд хоёр талаасаа хүч түрээд ч, хоорондоо ойлголцож бялуугаа хуваах гээд ч эвлэж дийлсэнгүй. Одоо хүртэл шүүх дээр маргалдаж, ил далд тэмцэлдсээр л явж байгаа. Бөхийн өргөөний өндөр үүд ч ард түмнийхээ өмнө хаалттай хэвээр. Тэгвэл саяхан төрийн тэргүүн Ерөнхий сайдад хандаж Бөхийн өргөөг Улсын мэдэлд авах тухай албан хүсэлт илгээсэнд олон нийт талархалтай байна. Харин Засгийн газар, эрхэм Ерөнхий сайд яаж хүлээж авч ,энэ асуудалд хэрхэн хандах бол гэдгийг Монголын ард түмэн харж хүлээж байна.
Бөхчүүд ч яахав, юу гэж л энэ шийдвэрт таатай байхав. Төрийн өмчид очвол нутгийн уулзалт золголтууд, улс төрчдийн уулзалт, сонгуулийн шоу үнэгүй хийдэг газар болно. Бөхийн өргөө алдагдалтай ажиллана. Эцэст нь алдагдалтайг нь далимдуулж мөнгөтэй нэг нь үнэгүйдүүлээд авна. Төр бол хамгийн муу менежер гэсэн улиг болсон, болхи, бүдүүн баргийн мессежийг явуулж эхлээд байх шиг. Гэтэл бодит байдал тэс өөр. Үндэсний эв нэгдлээ хангахын тулд Үндэснийхээ бөхчүүдийн эв нэгдлийг хангаж, хэрүүлийн алим болоод байгаа бөхийн өргөөг нь төр мэдэлдээ авч, бөхийн өргөөнийхөө өндөр үүдээр орж гарах эрхийг нь олон нийт ард түмэндээ олгохгүй бол ямар ч бодлого үгүй ,замбараагүй улс орны дүр зураг харагдаад байх шиг. Харин бөхийн өргөөнд санаархагч бөхчүүдийн бүлэглэлүүд бөхийн өргөөг төрд авах хууль эрх зүйн орчин байгаа эсэх талаар бас мэтгэх гээд байх шиг.
Бөхийн өргөө анхнаасаа л улсын төсвийн 800 сая төгрөг, Монголын Үндэсний бөхийн холбооны цуглуулсан 322 сая төгрөгийн хандиваар боссон . Тэгээд ч тэр 322 сая төгрөг дотор 100% төрийн өмчит компаниудын хандив ч байгаа юм байна. Зөвхөн улсын төсвөөс өгснөө тооцоход л 71.3% нь төрийн өмч байгаа гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Энэ утгаараа бол Бөхийн өргөөндөө төр эзэн сууж, Үндэсний бөхийнхөө бодлогыг харж, үүгээрээ дамжуулж эв нэгдэл, өв соёл, уламжлалаа зөв залж явахгүй бол хэдэн бөхчүүд чинь хэнхдэг заамаа уралцаж явсаар тоглоом тоотой нь дээр гэдэг шиг юм болох вий дээ. Иргэд олон нийт талархалтай дэмжиж байгаа энэ асуудалд, эрхэм Ерөнхий сайд маань харин ямархан хариуг барих бол?
Д. Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ