Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино

Жил бүрийн өдийд замын ачаалал нэмэгддэг ч энэ жил онцгой ачаалалтай байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотын нийтийн тээврийн дундаж хурд 20км/цаг байсан бол энэ сард зургаан км/цаг болж буурчээ.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврээр ажил хичээлдээ явдаг иргэдийн "Ажил, хичээлээсээ хоцорлоо, хамгийн ихдээ цаг яваад очдог газраа, гурван цагаад яваад ч очихгүй байна" гэх постууд цахим сүлжээнд хөвөрсөөр байна.
Тиймээс авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор үүсч байгаа ачааллыг бууруулах зорилгоор, Хотын дарга Замын цагдаагийн албанд чиглэл өгчээ. Хотын даргын чиглэлд зааснаар ирэх даваа гаригаас Энхтайваны өргөн чөлөө болон бага тойруугийн замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийг зорчуулахад хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болсон байна.
Дашрамд, авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Замын цагдаагийн уулзвар, Олимпын гудамжийг хаагаад байгаа юм. Мөн энэ сарын 11-нээс эхлэн Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын автозамд өргөтгөл, шинэчлэлт хийх ажлыг эхлэхээр болсон. Энэ хүрээнд тус чиглэлийн замыг хэсэгчлэн хаах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ