Эмч , өмгөөлөгч , сэтгүүлч , их дээд сургуулийн багш нарт олон удаагийн виз олгоно

БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олголтын журамд өөрчлөлт орсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
Визний журмын өөрчлөлтийг БНСУ-ын Хууль зүй яам, Гадаадын иргэн харьяатын алба, Цагаачлалын алба хамтран шинэчилсэн байна.
 
Сүүлийн хэдэн жилийн судалгаагаар 1000 орчим солонгос иргэн Монгол Улс руу байнгын зорчих буюу олон удаагийн виз авсан бол 37 мянган монгол иргэн БНСУ руу зорчих олон удаагийн виз авчээ.
 
Монгол иргэдийн БНСУ руу зорчих олон удаагийн визний журамд өөрчлөлт оруулсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны Консул Кил Кан Мүг танилцууллаа.
 
Тэрбээр БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан бол одоо нэмээд 13 нөхцөлөөр олгодог болсныг онцоллоо.
Өмнө нь 
 
1.БНСУ руу зорчиж байсан иргэн
 
2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан байх бөгөөд хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
3.БНСУ руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан
 
4.БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох зорилгоор, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн урилгаар
 
5.БНСУ-ын иргэншилтэй, тухайн улсын иргэнтэй гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулаад нэг жилээс дээш хугацаа өнгөрүүлсэн тохиолдолд тухайн гэр бүлийн хүүхэд олон удаагийн виз авна.
 
6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигч бөгөөд тухайн карт нь “Gold”,  “Vip” байх
 
7. Байнгын зорчигч гэсэн ерөнхий нөхцөлийг хангасан иргэдэд олгодог байжээ.
 
Харин одоо шинэчлэгдсэн журмаар дээрх 1-5 хүртэлх нөхцөл хэвээр байж, нэмэгдээд найман нөхцөл нэмэгджээ.
 
Ингээд олон удаагийн визний журамд дараах өөрчлөлтүүд орсон. 
Тухайлбал,
 
-Олон улсад ашиглагддаг кредит карт нь “Gold” картаас дээш байх шаардлагатай байсныг өөрчилж, тухайн картаа хэрхэн ашигласан, мөнгөний хязгаар хэд байх зэрэг ашигласан байдлаас үүдэн олон удаагийн виз олгох эсэхийг шийднэ.
 
-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл шилдэг аж ахуйн нэгжид хэлстийн даргаас дээш албан тушаалаар нэгээс дээш жил ажилласан хүнд
 
-БНСУ-д бакалавр, мастер, докторын зэрэг хамгаалсан иргэн, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд олон удаагийн виз авах боломжтой болж байгаа юм. БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилж авсан 1800 гаруй монгол иргэн их, дээд сургууль төгсчээ. Зөвхөн БНСУ гэлтгүй өөр бусад оронд мастерын зэргээс дээш зэрэг горилж авсан иргэнд,

-Холбогдох нөхцлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн,

-Холбогдох нөхцлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их, дээд сургуулийн багш нар,
 
-Гавьяат тамирчин, дуучин, жүжигчин гэх улс орондоо гавьяатай хүмүүст олон удаагийн виз олгоно.
 
-500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигч иргэнд олон удаагийн виз олгохоор журамд өөрчлөлт оржээ.
 
Олон удаагийн визийг 1, 3, 5 гэсэн шатлалтайгаар олгодог байсан бол шинэчлэгдсэн журмаар хэрвээ шаардлагатай бол тухайн нөхцөлийг хангаж байгаа бол гурав, эсхүл таван жилээр олгогдох бүрэн боломжтой болсон байна.
 
Ингээд дээрх шинэчлэгдсэн журмаас зарим нэг зүйлийг асууж тодруулахад, 

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Виз хариуцсан консул Кил Кан Му сэтгүүлчдийн асуултад хариулсаныг хүргэж байна.

- Олон удаагийн визийг гурав ба таван жилийн хугацаатайгаар олгоно гэлээ. Ямар шалгуураар визийн хугацааг ялгаатай нөхцөлөөр олгож байгаа юм бэ?

-Бид өнгөрсөн хугацаанд олон удаагийн виз олгож байсан туршлагадаа үндэслэн журмаа шинэчилж байна. Тухайн хүн олон жил ажилласан бол таван жилийн виз олгоно. Өөрөөр хэлбэл, ажилласан жилэээс нь шалтгаалж, визийн хугацааг тогтооно. Шинэчилсэн журмаар илүү нарийвчлалтай байх болно. Ер нь олон удаагийн визийн хугацааг ялгаатай байдлаар олгохдоо тухайн виз мэдүүлэгчийн ажилласан жилийн туршлага, болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялгаатай олгох юм.

-БНСУ-д зорчих хүсэлтэй хэр олон монгол иргэн байна вэ?

-2016 онд 60 мянга, өнгөрсөн онд 130 мянган иргэн Солонгост зорчих визийн хүсэлт гаргасан. Энэ оны долоодугаар сарын байдлаар 80 мянган иргэн визийн хүсэлт гаргасан нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Хэчнээн иргэн ийм шалтгаанаар виз авч чадаагүй вэ?

-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал нь виз мэдүүлэх хугацаагаараа ялгаатай. Нийт тооноос илүү нэг жишээ хэлэхэд, долоо хоногт бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн 1000 тохиолдол гарч байна. Таван сая төгрөгийн барьцаа буюу санхүүгийн чадавхыг илэрхийлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх тохиолдол маш их байдаг. Тиймээс Солонгос улс руу виз хүсэх иргэд зуучлагч байгууллагуудад хууртахгүй байхыг анхааруулж байна. Виз хүсэгч банкинд мөнгө байршуулсан эсэхийг манай зүгээс хурдан хугацаанд шалган тогтоодог. Тэгэхээр таван сая төгрөг байршуулах, банкны баталгаа хийж өгнө гэсэн зуучлагчийн үйлдэлд битгий хууртаасай гэж хүсч байна.

-Шинэчилсэн журмыг хэзээнээс мөрдөх вэ?

-Олон удаагийн визийн журмыг нарийвчилж дуусган аль болох богино хугацаанд ажил хэрэг болгоно. Ер нь аравдугаар сараас шинэчилсэн журмаа хэрэгжүүлж эхлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Гэхдээ үүнийг хурдан хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж байгаа нь саад болж байна. Тийм учраас шинэчилсэн журмыг нарийвчлан тогтсоны дараа хэрэгжүүлж эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ