Хүүхдүүдийг авто ослоос сэрэмжлүүлэх шинэ аргыг туршлаа
Өнгөрөгч 2017 онд улсын хэмжээнд зам тээврийн ослоор 55 хүүхэд нас барж, 1000 хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн. Цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг нь судлахад эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас үүддэг байна.Тухайлбал, хүүхдээ автомашинд буруу тээвэрлэж явахаас гадна эцэг, эхчүүд явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо буруу үлгэрлэж гарцаар гардаггүй. Тэгвэл хүүхдүүдэд замын хөдөлгөөн оролцох дүрэм журмыг анги танхимын орчинд заахаас илүүтэйгээр гарч болох эрсдлийг нүднийх нь өмнө харуулж ойлгуулах байдлаар урьдчилан сэргийлүүлэх зорилго бүхий үзүүлэх тоглолтыг нийслэлийн 1-р сургуулийн өмнөх замд зохион байгууллаа.


Замын хөдөлгөөнд дүрмийн дагуу бус буруу оролцвол ямар хор уршиг дагуулдаг, хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хэрхэн хохирох эрсдэлтэйг орлон тоглогчид жүжиглэж үзүүлсэн юм. Нэгдүгээр сургуулийн 400 орчим сурагчдыг хамруулсан бөгөөд Асашёрү Д.Дагвадорж, жүжигчин Цоомоо нар үзүүлэх сургалтыг тайлбарлаж явуулсан нь сонирхолтой байлаа.
2018 он гарсаар 20 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаад байна. Энэ тоог өнгөрсөн жилтэй харьцуулахад, 42 хувиар буураад байгаа ч өдөр бүр 4-8 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа эмзэглэм тоо баримт бий. Нийслэлийн хэмжээнд байх ЕБ-ын нийт сургуулиас ердөө 24 нь л орчны аюулгүй байдлаа хангаж ажилладаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ