Ядарсан иргэд нь гэрээ, чадарсан дарга нар нь хөрөнгөө үерийн бүсээс хол байлгаач...

        Миний монголд  цунами болдоггүй нь сайхан. Гэхдээ үер усны аюул  биднээс тийм ч хол зүйл биш юм. 1966 оны их үер талын нүүдэлчдийн шинэ иргэншлийн дүр төрх болсон Улаанбаатар хотыг усан далай болгож, улс орноороо чамгүй хохирол амссан гэдэг. Харин өдгөө 21-р зууны нийслэл Улаанбаатар үер ус нүүрлэх үед хир хамгаалалттай байна вэ?  Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан 556 обьект бий гэдэг.  Эдгээрээс үер усны аюултай бүсэд баригдаж байгаа, баригдчихсан олон барилга ч бий.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өгсөн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 244 барилга байгаа гэнэ. Эдгээрийн 54 нь нэн яаралтай нураах шаардлагатай барилгууд бөгөөд эхнээсээ ан цав, хагарал үүсч нурж эхэлсэн байна. Гэхдээ эдгээр барилга, орон сууцанд 6000 гаруй хүн ажиллаж, амьдарч байгаа юм. Мөн үер усны аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил жилийн жилд явагддаг ч төдийлөн хүссэн үр дүнд хүрдэггүй. Өчигдрийн бороонд гайгүй л байгаа даа гэж бодож сэрмээр манай нийслэлчүүдийн аж амьдралын хэв маяг нэг иймэрхүү. Гамшгийн эрсдэлтэй бүсэд ядарсан иргэд нь гэрээ, чадарсан дарга нар нь байшингаа барьчихаад эцэг эхийн гал голомт, энд тэндхийн хөрөнгө оруулалт гээд шалтаг тоочоод суучихдаг миний монголд цунами болдоггүй нь сайхан ч баян хүн нэг л шуурганаар гэдэг шиг баян ядуугүй нэг л борооноор эрсдэлд орно шүү дээ. Өчигдрийн ус ихтэй бороо үргэлжлээд 5 цаг ороход л сүйд болно гэдгийг олигархууд нь ч тэр олон нийт ч тэр хаана хаанаа анхаармаарсан.

Н.Сувд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ