Я.Содбаатар: Сэлэнгийн халдварын эх үүсвэрийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна

УОК-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Төрийн ордонд танилцуулж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Өнөөдрийн байдлаар 92 хүнийг эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, бидэнд зарим чиглэлийг өглөө. Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Ойрын хугацаанд нийслэл рүү 407 тонн мах нийлүүлсэн. Мөн жирийн үеийнхээс 2 дахин их хэмжээний мах (амьд мал үүнд багтсан) оруулсан.  Хүнсний тусгай зориулалтын машинуудад маргаашнаас эхлэн тууз наана.     

Дотуур байрны оюутнуудад хүнс тараах үүргийг БСШУ-ны сайдад даалгасан. Бид өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий  оношлуур хүлээн авлаа. Маргаашнаас эхлэн нийслэлд 11 цэгт оношилгоо авч эхэлнэ. Ойрын болон дам хавьтлын хүмүүс рүү холбогдон, та тэр хаягт очиж, шинжилгээгээ өгөөрэй гэж чиглүүлнэ. 

Нийтийн тээвэртэй холбоотой буруу ойлголт түгжээ. Иргэд хувийн унаагаараа зорчих эрхтэй. Улсын хэмжээнд 6000 хүн хөл хорионд хяналт тавин ажиллаж байна. Тэдэнд бүгдэд нь заавар өгсөн. Иргэдээс нийтийн тээврээр зорчихыг шаардах учиргүй.               

Сэлэнгэ аймгийн гэр бүлийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож дууслаа. Эндээс эмчилгээ, тандалт судалгааны 2 баг Сэлэнгэд очиж ажиллаж байна. Франц иргэн манай улсад ирснээс хойш бид тандалт судалгааг шуурхай хийх ажилд туршлагажсан. Мэдээллийг нэг цэгээс шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байна. Албан ёсны мэдээлэлд л итгээрэй. Ирэх өдрүүдэд гэртээ байгаарай гэж хүсье. Бид хамтын хүчээр энэ аюулт өвчний дэгдэлтийг хумина. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Хөл хориог цаашид сунгаж болзошгүй.   

Банкуудын зэээлийн эргэн төлөлтийг сунгах, царцаах эсэхийг судалж байна. Гэхдээ бид бүх анхаарлаа халдварын голомт руу чиглүүлээд байна.

Сэлэнгийн халдварын эх үүсвэрийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэхдээ Сэлэнгийн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүгдийг нь тогтоосон. Дархан, Сэлэнгэд хатуу хөл хорио үргэлжилж байна. 

-Увс аймагт иргэдийг тусгаарласан уу? 
-
Хэд хэдэн аймаг руу ойрын хавьталд тооцогдох хүмүүс зорчжээ. Тэднийг хаана байгааг нэг бүрчлэн тогтоосон. Тэднийг гэрийн хорионд оруулсан. Хэдий эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч гэрийн хорионд орох ёстойг анхааруулсан. Давтан шинжилгээний хариу хүлээж байна.     

-Энэ сарын 19-нд Франкфуртаас ирэх нислэгийг яах вэ?
-Энэ нислэгийг цуцалсан. Хүн тээврийг зогсооно. Учир нь нийслэлд болон Сэлэнгэд гарсан халдварыг хумих нь илүү чухал. 

-Төсөв баталлаа. Халдвараас хамгаалах төсвийг хангалттай тавьсан уу?
-Зардлыг танаагүй, харин ч нэмсэн. Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Дэлхий нийт энэ асуултад хариулж чадахгүй байна. Иймд төсвийг тодотгож магадгүй л юм.          


СЭТГЭГДЭЛ БИЧИХ