Улаанбаатарт 6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна

Эрүүл мэндийн яамны 17.00 цагийн мэдээг хүргэж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Өнөөдөр өглөөнөөс хойш
Дархан-Уул аймагт коронавирусийн нэг халдвар бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдол 435 боллоо.  

Дарханы энэ тохиолдлын хувьд хурдавчилсан оношлуураар эерэг гарсан байсан. Аймгийн нэгдсэн лабораторид PCR шинжилгээг хийж онош баталгаажлаа. Тиймээс төмөр зам дагуу тандалт судалгаа хийж, одоогоор энэ хүний хавьтал 62 хүнийг илрүүлэн тандалт, судалгаа хийж байна.

Манай улсад коронавирусийн халдвар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ. Үүнтэй холбоотой нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр зэрэг зам дагуух аймгуудад коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгааг эрчимжүүлж байна.

Улаанбаатарт голомтлон гарсан халдварыг илрүүлэх болон сайн дурын шинжилгээ өгөх иргэд 18 цэгт хандаж байна. Өнөөдрийн байдлаар 6764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Иргэд 18000119 тоот утас болон өнөөдрөөс эхлэн 119.mn цахим хаягаар регистрийн дугаараараа бүртгүүлэн цаг авч болно. Шинжилгээ өгөхдөө амны хаалт зүүж, бээлий өмсөөд эрүүл мэндийн байгууллагад ирнэ. Шинжилгээний хариуг 119.mn сайтаас регистрийн дугаараараа нэвтрэн авах юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ