Хөл хорионы үед хүүхдүүд хамгийн их "хохирч" байна

Монгол Улсын хүн амын 35 хувь нь буюу 1.2 сая нь хүүхэд. Цэцэрлэг, сургуульдаа явахгүй, хүссэн цагтаа унтаж, сэрж, аав, ээждээ эрхэлж байгаагаар нь хүүхдүүдийг хөл хорионы үеийн хамгийн жаргалтай хүмүүс гэж боддог. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, гэртээ хүссэн зүйлээ хийх нь хүүхдүүдэд мэдээж хамгийн сайхан. Гэрийн ажил хийж сурах, хувийн ариун цэврээ сахидаг болох гээд хорионы үед хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байгаа хүчин зүйлс бий. Гэхдээ энэ үед хүүхдүүдэд сайнаасаа илүү саараар нөлөөлөх зүйлс ч олон байна.
Өөрөөр хэлбэл тэдний боловсрол орхигдож, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч, нийгэмшиж чадахгүйд хүрэв. Нийтээрээ биш ч хүчирхийлэлд өртөж, цоожтой хаалганы цаана хоолтой, хоолгүй үлдэж байгаа хүүхэд олон бий. Тэдний нөхцөл байдал хорионы үед бүр ч хүндэрнэ. Энэ хэрээр хүүхдүүдийг хэрхэн хичээлийг нь хийлгэх, уйдаахгүй, хөдөлгөөнтэй, стресстүүлэхгүй, дэлгэцэнд донтуулахгүй, хүчирхийллээс хол байлгах вэ гэдэг эцэг, эхчүүдийн толгойны өвчин болж байна гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч үхлийн аюулт цар тахлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдээ хамгаалж, хорионд байлгахаас өөр гарцгүй. Харин энэ бүх эрсдэлээс хүүхдээ хамгаалах боломж эцэг, эхчүүдэд л бий.
Боловсрол
Коронавирусийн халдвар дэлхийн 220 орчим улсад бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод байна. 190 гаруй орон улсын хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа зогсоосноос нийт 1.7 тэрбум хүүхэд танхимын хичээлд хамрагдахгүйд хүрчээ. Манай улс л гэхэд 12 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд танхимд хичээллэхгүй байхаар шийдвэрлэв. Тиймээс сурагчдад зориулсан теле хичээлийг орон даяар гаргаж буй. Албан мэдээллээр улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд теле хичээлд хамрагдаж байгаа. Үүнээс 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхэд байна.
Теле хичээлийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гаргасан ч хүүхдүүд сүүлдээ анхаарахаа больсныг эцэг эхчүүд хэлэв. Энэ хэрээр теле хичээлийн үр дүн саарах, хүүхдүүдийн боловсрол орхигдох эрсдэл нэмэгдсээр байна. Хот суурин газарт теле хичээлээс гадна ангийн багш нь цахимаар сурагчидтайгаа холбогдож даалгаврыг нь хянаж байгаа. Нүүр тулж уулзаагүй, нүдээрээ харж байж шалгалт аваагүй болохоор аар саархан зүйлээр багшийгаа аргалах асуудлууд ч гарах нь бий. Танхимд хичээллээд, багшаасаа эмээж хичээлээ хийгээд сурчихсан хүүхэд алсын орон зайнаас, амьд биш харилцаанаас мэдлэг олж авах нь эргэлзээтэй. Хүүхдүүдэд ингэж сурах дадал, туршлага байхгүй. Телевизээр хүүхдүүдэд удаан хугацаанд боловсрол олгосон туршлага ч энэ салбарт байхгүй.
Хүчирхийлэл
Хөл хорионы хамгийн сул тал нь ахуйн хүрээний архидалт ихсэж, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг. Хоногийн хоолноосоо илүү архинд мөнгөө зарцуулдаг, хүйтэн харцаараа эхнэр хүүхдээ гоочилж, хөлчүүрхсэн үедээ гараа шүүстдэг адгуус аятай хүмүүс бидний бодсоноос ч олон. Хэдий одоогоор архи, согтууруулах ундааг худалдаалахгүй хориглосон байгаа ч тэд ямар нэгэн аргаар олоод л уучихдаг аж. Учир нь хорионы үед гэрээс нь өөр архи уух газар олдохгүй, гэртээ суухаар стресстсээр эцэст нь уур бухимдлаа гэр бүлдээ гаргах хүмүүс сүүлийн саруудад ихэссэн нь тоон мэдээллээс тодорхой харагдана. Тодруулбал, хүүхдийн тусламжийн дуудлага өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн талаар холбогдох албаныхан мэдээлж байсан. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар нэмэгджээ. Улмаар гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 61.6 хувиар, баривчлагдсан этгээдийн тоо 98.7 хувиар тус тус өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн хохирогч нь хүүхэд л болдог. Хэрэг, зөрчил нэмэгдэх тусам тэнд хүүхэд л хохирч байна гэсэн үг. Харин хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд төр засгаас гадна иргэдийг санаачилга, сэтгэл, зүтгэл гаргаж тэмцэхийг хүүхэд хамгааллынхан уриалж байна. Гэхдээ хүүхдээ хамгаалъя гэж сошиалд бичиж, гудамжинд жагсахгүй зөвхөн өөрийнхөө орчиндоо л хүүхдүүдийг хамгаалж, хүчирхийллийг анзаарах хэрэгтэй._
Эрүүл мэнд
Хүүхдүүд сургууль, цэцэрлэг, олон нийтийн газраар явахгүй байгаа нь бусад халдварт өвчин, ханиад томуу тусах эрсдэлээс хамгаалагдсан гэж болно. Тодруулбал, ханиад томууны гаралтыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хэд дахин буурсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан._Тэгвэл хөл хорионы үед хүүхдүүдийг ийнхүү коронавирус болоод ханиад томуунаас сэргийлж чадсан ч хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй өвчнүүдийн эрсдэлд оруулав. Гар утас, компьютер, телевиз байнга үзэж, хөдөлгөөн хийдэггүй хүүхдийн дархлаа муудаж, мэдрэлийн ядаргаанд орохоос гадна жингийн илүүдэл, таргалалттай болох өндөр эрсдэлтэй.
Хүүхдийн таргалалт нь дэлхий нийтэд тулгамдаж буй шинэ төрлийн өвчин. Техник технологи хөгжихийн хэрээр хүүхдийн дэлгэцийн хэрэглээ нэмэгдэж, хөдөлгөөн буурч байгаа. Энэ мэт шалтгаанаас болж дэлхийн хэмжээнд тав хүртэлх насны 40 сая хүүхэд биеийн хэвийн жингээс давсан жинтэй буюу таргалалтад өртсөн гэсэн судалгаа бий. Үүнээс гадна хүүхэд өдөрт хамгийн багаар бодоход таван цаг телевиз үздэг бол түүнд багтраа өвчтэй болох эрсдэл 1.5 хувиар өсдөг байна.
Улмаар олон цаг хөдөлгөөнгүй суусан хүүхдэд гэр ахуйн гаралтай харшил буюу гэрийн тоос тоосонцор, амьтны гаралтай үс ноос, хивсний ноос зэрэг тоосонцорт хэд мэдрэг болдог. Улмаар агааржуулалт хийдэггүй бол хүүхдийн амьсгалын замын эрхтэн систем хэт мэдрэг болж, янз бүрийн халдварт өвчин тусах эрсдэл нь нэмэгддэг. Үүнээс гадна таргалалттай хүүхэд бронхит, багтраа өвчтэй байх тохиолдол нэлээд өндөр байдаг. Энэ мэт эрүүл мэндийн эрсдэлүүд хөл хорионд буй хүүхдүүдэд байна. Харин ийм эрсдэлээс эцэг, эхчүүд л хүүхдээ хамгаалж чадна. Гэхдээ хөл хориог зөрчиж, гадаа сэлгүүцэж, хүүхдүүдтэй тоглуул гэсэн үг биш. Харин гэрийн нөхцөлд хүүхдийг дасгал хөдөлгөөн хийлгэх, хөнгөн ажилд туслуулах, гэр бүлээрээ бүжиглэх зэргээр хөдөлгөөний дутагдлыг арилгаж болох юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ